“Женко” клуб АНУ-д салбартай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

“Женко” клуб АНУ-д салбартай боллоо

Монголын шилдэг жүдочдыг төрүүлсэн “Женко” клуб АНУ-д салбартай болжээ. Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ны дэд ерөнхийлөгч, Самбо, жижицу бөхийн Дэлхийн аварга, жүдо бөхийн ОУХМ Б.Арвин-Эрдэнэ АНУ-ын Калифорни мужийн Беркле хотноо “Ральф Грейси” клубын дасгалжуулагч, тулааны спортын мастер, хар бүст Дэвид Калханд МЖБХ-ны ерөнхийлөгч, “Женко” клубын захирал Х.Баттулгын гарын үсэг бүхий батламжийг албан
ёсоор гардуулан өгснөөр тус клуб далайн чанадад үйл ажиллагаагаа явуулж
эхэллээ.

Анх 1994 онд байгуулагдаж, үе үеийн алдартай тамирчдыг төрүүлэн, олимп, дэлхийн дэвжээнээ Монгол Улсынхаа нэрийг мандуулсаар ирсэн “Женко” клуб ийн АНУ-д суралцаж буй монгол хүүхэд багачуудад жүдо бөхийн спортоор хичээллэн, эрүүл өсч торних, ирээдүйд алдартай тамирчин болох үүд хаалгыг нь нээж өгөв.

АНУ дахь “Женко” клубын салбарын нээлтийн ёслолд тус клубын анхны гишүүд болох 4-17 насны 18 жүдоч, тэдний гэр бүл, мөн АНУ-ын Лонгбич хотноо болсон жүдо бөхийн өвөг эцэг гэж нэрлэгддэг Жижицугийн 2013 оны дэлхийн аваргын алтан медальт, олон улсын хэмжээний мастер О.Болд-Эрдэнэ, Б.Ариун-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр нарын хүндэт зочид оролцсон байна.

Америк дахь “Женко” клубын дасгалжуулагчаар Монголын шилдэг жүдочдын нэг, ОУХМ Д.Мөнхбаясгалан ажиллах ажээ. Тэрээр тулааны спортын таван төрөл жүдо, самбо, кураш, жижицу, мэргэжлийн тулааны төрөлд Монгол Улсын аварга болж байсан бөгөөд Жижицугийн ДАШТ-ий хар, бор бүсний төрөлд хүрэл медаль, Пан Америкийн хошой аварга, байлдааны самбо бөхийн хошой аварга, мэргэжлийн ММА тулаанд 10 удаа оролцож, есөн удаа ялж байсан тулааны спортын шилдэг тамирчдын нэг юм.

“Женко” клубээс “Бээжин 2008” зуны олимпийн наадмын алт, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, жүдо бөхийн анхны дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга М.Уранцэцэг нарын олон алдартнууд төрсөн билээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж