Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Зурагчин Жейд Билл эмэгтэй хүний
гоо үзэсгэлэнгийн талаарх ойлголтыг өөрчлөх үүднээс нэгэн сонирхолтой зураг
авалт хийжээ.

Өнгөрсөн жилийн эхээр залуу ээж Жейд
Билл (Jade Beall) бяцхан үртэйгээ студид хөрөг зураг
авахуулжээ.

Тэрээр зургаа хараад бие галбирын
хувьд ямар их өөрчлөлтөд орсноо анзаарсан гэнэ. Төрсний дараах таргалалт,
язралт, суларсан арьс гээд бишгүй олон асуудал үүссэн байсныг тэгэхэд мэдэрчээ.
Гэсэн хэдий ч Жейд зориг гарган эдгээр зургаа интернетэд байршуулж бусдын
шийдвэрлэхийг хүсдэг хэдий ч битүүхэндээ шаналж явдаг бүсгүйчүүдэд элбэг
тохиолддог энэхүү асуудлын талаар хариулт авахыг хүссэн нь үнэхээр сайшаалтай
хэрэг байв. Учир нь олон нийтийн зар сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл
энэ асуудлын тухай хөндөөд байдаггүй юм.

 

Жейд найз бүсгүйнхээ хоёр үр нь
гэдсээр нь хайр бялхсан тэврэлтээр тэвэрсэн хагас нүцгэн зургийг нь Facebook -т байрлуулжээ.

 

Түүний энэ санаа дэлхий даяар маш
хурдтай тархаж мянга мянган эмэгтэйчүүд Жейдээс зургийг нь дарж өгөхийг хүссэн
байна. Одоогийн байдлаар зурагчин бүсгүй 70 -аад ээжийн зургийг дарсан ба
эдгээр зургаа ашиглан "Үзэсгэлэнт бие" хэмээх
ном гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Жейд зураг авалтанд оролцогчдын сул
талыг нуух гэж нүүр будалт ашигладаггүй нь үнэлүүштэй нэгэн үзүүлэлт юм.

 

Николь Мид хэмээх зураг авалтанд оролцсон
бүсгүй хэлэхдээ: "Би зургаа анх хараад маш их цочирдсон" гэжээ. Түүний
адил олон ч эмэгтэй өөрийн биеэс ичиж байв… Мид анхны хүүхдээ төрүүлээд л
гэдсээ нуух шаардлага тулгарч хүссэн бикинигээ өмсөн далайн эргээр зугаалах
боломжгүй болжээ. Зураг авалтын үед маш их сандарснаа тэрээр нуусангүй. Түүний
гадаад гоо үзэсгэлэнг үгүй хийсэн байж болох ч хязгааргүй их хайр нигүүлсэл
бэлэглэсэн 3 бяцхан тэнгэр элч нарын хамт хөрөг зургаа авахуулжээ. Энэ л бүсгүй
хүн болж төрсний бахархал утга учир, бурхны хайрласан хувь тохиол гэлтэй.

"Би хүүхдүүдээ уг зураг
авалтанд оролцох санал тавихад тэд: "Ингэх ямар хэрэг байгаа юм?" гэж
асуусан. "Үүнийг бид өөрийн эгч, ирээдүйн эхнэр, охиныхоо төлөө хийх
хэрэгтэй. Учир нь эмэгтэйчүүд бидний дотор орших чимээгүй шаналлыг эрчүүд
ойлгох ёстой. Ирээдүйн эхнэрээ төрсний дараа улам хайрлаасай гэж ээж нь хүсэх
байна"

гэж Мид хэлжээ.

 

Сонин сэтгүүлд эмэгтэй хүний төрсний
дараах байдлыг дурдахдаа хэр богино хугацаанд хэвийн байдалд орсныг л ярьдаг.
Харин язралтын талаар бүгд л мөрөө хавчин амаа хумхицгаадаг нь маргашгүй бодит
үнэн зүйл. Үүнээс үүдэн эмэгтэйчүүд төрсний дараа язралт үүсэхэд ихэд шаналж,
урьдын байдалдаа орохыг хүснэ. Язралт бол тэдний сонголт биш – тэдний буруу
биш.

 

Ихэнх эмэгтэй төрсний дараа энэ
асуудалтай нүүр тулгардаг. Энэ талаар зөвхөн эмэгтэйчүүд өөр хоорондоо
зөвлөлддөг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ тухай төдийлөн авч
хэлэлцдэггүй билээ. Харин Жейд Биллийн зураг авалт та бүхний ээж, эгч,
эхнэрийнхээ биеийн талаарх ойлголтыг өөрчилж, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн чухам
юунд оршдогийг ахин нэг эргэцүүлж бодоосой гэж бид хүсэх байна.

Уг хэвлий дотор амьд бие үүсч, том
болохыг даган сунах гэдсийг хайрлахгүй байхын аргагүй! Эмэгтэй хүн чи зүгээр ч
нэг тачаангуй биш, чи бол гоо үзэсгэлэнгийн төгс нэгдэл, тэнгэрлэг охь!!!

Хэдий чиний арьс язарч хэцүү байсан
ч чиний дотор хүн бий болсон гэдгийг битгий мартаарай!

Чи бол хайртай хүндээ хамгийн
тачаангуй эмэгтэй нь.

Чи эргээд өмнөх шигээ биетэй
болохгүй ч

Чи эх хүн.

Үүгээрээ үргэлж бахархах хэрэгтэй.

Эх сурвалж: http://www.alpha.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж