О.Баасанхүү: Х.Тэмүүжин хууль зөрчиж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: Х.Тэмүүжин хууль зөрчиж байна

Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголыг  хэлэлцэж байгаа. Төсвийн тодотголоор хугацаа хэтэрсэн, дахин санхүүжилт  шаардсан бүтээн байгуулалтын ажлыг нэлээд танахаар ярьж буй. 2013 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс  зарим асуултад хариулт авлаа.

-Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Х.Тэмүүжин сайдыг хууль  зөрчиж байна гэж   та хэлж байсан. Хууль зүйн салбарын төсөвтэй холбогдох чухам ямар хууль  зөрчсөн зүйл байгаа юм бэ?

-Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг Батлан хамгаалах яамтай нийлүүлэх Засгийн газрын 122 тоот тогтоол гарсан. Хууль зүйн яамны багцад байсан Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг төсвийг  Батлан хамгаалах яаманд  шилжүүлсэн нь Төсвийн тухай хуулийг ноцтой  зөрчиж байна. Яагаад гэхээр 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед  2013 онд огт яригдаж байгаагүй нэршлээр  буюу ХЗДХЯ, УМБГ-ын барилгын дуусгал  төсвийг тодотгоно гэж 12 тэрбум,  дээр нь  2.5 тэрбумыг нэмж оруулж ирсэн. Өмнө нь ХЗДХЯ-ны барилгын төсвийг огт баталж байгаагүй. Нэг ёсондоо 2013 оны төсөвт тусгагдаагүй зүйлийг нэршлийг нь өөрчлөөд тодотголоор оруулж ирсэн нь илт хууль   зөрчсөн үйлдэл. Хүний хийсэн юмыг нураахын тулд хүчирхийллийн арга хэрэглэж  байна.

-Төсвийн тодотголоор  хугацаа хэтэрсэн, нэмэлт хөрөнгө шаардаж байгаа  зарим бүтээн байгуулалтын зардлыг танах талаар ярьж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Надад ирсэн баримтаас харахад танагдаж байгаа барилгуудын бараг  90 хувь нь  эрэлт хэрэгцээ ихтэй, нийгмийн салбарын  төрөх  эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгууд байна лээ. Олон жил баригдаагүй нь тусдаа асуудал. Ингэлээ гээд бүгдийг нь  хасах нь буруу. Нийгмийн олон асуудлыг шийдэх барилгуудыг үргэлжлүүлэн барьж, хөрөнгийг нь шийдэх нь зүйтэй. Тиймээс төсөвт зардал нь үнэхээр бодитой нэмэгдсэн үү, хөөсрүүлж нэмсэн үү гэдгийг нягтлах шаардлагатай. Ажлын хэсэг байгуулж шалгаад асуудлыг  шийдэх хэрэгтэй байна. Гэхдээ барилгаа хугацаанд хүлээлгэж өгөөгүй, үндэслэлгүйгээр  зардлаа нэмж, нэмэлт хөрөнгө шаардаж байгаа компаниудын толгойг илж байгаа хэрэг биш.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж