Орхон аймгаас 39 төлөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Орхон аймгаас 39 төлөөлөгч оролцоно

МАН-ын XXVII Их Хуралд Орхон аймгаас 39 төлөөлөгч оролцоно

Энэ сарын 26-29 нд болох МАН-ын XXVII Их Хуралд Орхон аймгаас 39 төлөөлөгч оролцоно.

Үүнээс УИХ-ын гишүүн О.Содбилэг, МАН-ын хорооны дарга Д.Батлут, дэд дарга Д.Эрдэнэцэцэг нар квотоор, үлдсэн нь багийн үүрүүдээс сонгогджээ. Эдгээр төлөөлөгчийг МАН-ын гишүүд болон олон нийтэд танилцууллаа. Мөн XXVII Их Хурлаар хэлэлцэх асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Орхон аймаг дахь МАН-ын хороо энэ сарын нэгнээс долооны хооронд XXVII Их Хуралд оролцох төлөөлөгчдийг сонгож, өмнөх бодлогын бичиг баримтын биелэлт, үр дүнг дүгнэжээ. Тус хорооны тэргүүлэгчид хэлэхдээ, “Энэ удаагийн хурал олон шинэчлэл авчирна гэж найдаж байна” хэмээсэн юм. Мөн удирдлагын шинэчлэл гол асуудал гэдгийг ч онцоллоо. Түүнчлэн бүх хороо, намын үүрээр аялж буй “Миний хэлэх үг” санал, асуулгын дэвтэрт гишүүн, дэмжигчид үгээ дайж болох гэнэ. Тус нам 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш шинэчлэл хийх талаар ярьж эхэлсэн. Тодруулбал, нээлттэй зарчимд шилжих хэрэгтэй гэсэн асуудал хөндөгдсөн. Үүний хүрээнд энэ удаагийн Их Хурал болох гэж байна. Орхон аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, гишүүд XXVII Их Хурлаас намын бүтэц өөрчлөгдөж, удирдлага шинэчлэгдэнэ гэсэн үр дүн хүлээж байгаагаа нуусангүй.

Монголын улс төрийн ууган байгууллага-МАН энэ удаа “Урагшаа16” хөтөлбөр боловсруулжээ. Үүнд “Намын үйл ажиллагааны шинэчлэл”, “Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийн шинэчлэл”, “Намын дүрмийн шинэчлэл”-ийг хэлэлцэнэ. Мөн хүний нөөцийн бодлого, гишүүд, сонгуультнуудын сахилга, хариуцлага, УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаа, сөрөг хүчний “Хяналтын танхим”, МАН-ын санхүүжилтын ил тод байдлын шинэчлэлийн асуудлаар ярилцана. Тухайлбал, 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг намын нийт гишүүн, ард түмнээрээ нээлттэй хэлэлцүүлж, бодит судалгааны үндсэн дээр өрсөлдөөний зарчмаар сонгох ажээ. Өөрөөр хэлбэл, МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулахын тулд нэр дэвшигчдийг эртнээс бэлдэж, намын гишүүдийг шат, шатны сургалтад хамруулж, боловсон хүчний бодлогодоо ихэд анхаарна гэж байна. Үүнээс гадна “Авлигаас ангид Ардын нам” хөтөлбөр боловсруулж 2014 оны нэгдүгээр улиралд багтаан Бага хурлаар хэлэлцэж ажиллах гэнэ.

Мөн МАН-ын шинэчлэлийн цөм болсон санхүүжилтийн ил тод байдлыг хангаж, намын дүрэмд шинээр туссан “Санхүүжилтийн хороо”-г байгуулах талаар ярилцана.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж