Хаан банк санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүллээ | News.MN

Хаан банк санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.10.23-нд нийтлэгдсэн

Хаан банк санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүллээ

ХААН БАНК ӨӨРИЙН ХӨРӨНГӨ БОЛОН САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭ 111 САЯ АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Монгол улсын тэргүүлэгч ХААН Банк өөрийн хөрөнгө болон санхүүгийн эх үүсвэрээ 111 сая ам доллараар нэмэгдүүлэх хамтарсан  санхүүжилтийн гэрээг Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-тай байгууллаа. Монгол улсын арилжааны банкуудаас анх удаа ийм том дүнтэй хамтарсан санхүүжилтийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас хүлээн авч байгаа нь  ХААН Банкны олон улс дахь нэр хүндийг илтгэж байна. Энэхүү санхүүжилтийн 40 сая ам. долларыг банкны хоёрдогч өглөгийг нэмэгдүүлэхэд зориулах бол 71 сая ам.долларыг Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчид, том аж ахуйн нэгжүүдэд урт хугацаат зээл хэлбэрээр олгож, Монгол улсын эдийн засагт эерэг хувь нэмэр оруулах юм.  

Дэлхийн Банкны гишүүн, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжигч ОУСК болон уг корпорацийн харъяа хоёрдогч өглөг, дүрмийн санд хөрөнгө оруулалт хийдэг Хөрөнгийн Сангаас (IFC Capitalization (Subordinated Debt) Fund.L.P) хамтран 111 сая ам долларын санхүүжилтийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Санхүүжилтийг бүрдүүлэхэд ОУСК-иас 10 сая ам.долларын урт хугацаат зээл, ОУСК-ийн Хөрөнгийн Сангаас 40 сая ам.долларын хоёрдогч өглөгийг олгох бол  Япон улсын Sумитомо Мицуй Банкны Корпораци (SMBC),  Недерландын  DHB банк, Итали улсын Интеса Санпаоло банк, ING банк, ОХУ-ын РосЕвро банк, ОУ-ын Хөрөнгө Оруулалтын банк, ОПЕК Сан зэрэг дэлхийд нэр хүндтэй санхүүгийн байгууллагууд  хамтран бусад эх үүсвэрийг олгож байгаа юм.

ОУСК-ийн Монгол дахь суурийн төлөөлөгч  Туеэн Нгуэн  “Одоогийн сорилтын цаг үед ОУСК-иас Монгол улсад урт хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох дэмжлэг, хөрөнгө оруулалтаа ийнхүү нэмэгдүүлж байна. ОУСК-иас Монголын тэргүүлэгч арилжааны банкинд зориулан зохион байгуулсан энэхүү санхүүжилтийн дүнд Монгол улсын 2.8 сая иргэд улс орныхоо хөгжлийн үр өгөөжийг хүртэхийн сацуу 2030 он гэхэд нэн ядуурлыг арилгаж, хөгжлийн дараагийн шатанд шилжинэ гэсэн Дэлхийн Банкны  хос тулгуурт зорилтыг биелүүлэхэд нэгэн алхмаар ойртох юм” хэмээн онцоллоо.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр ХААН Банкны Гүйцэтгэх Захирал Норихико Като “Бидний уламжлалт хамтын ажиллагаа ийнхүү өргөжин тэлж байгаад баяртай байна. Энэ удаагийн томоохон санхүүжилтийг хүлээн авсанаар ХААН Банк харилцагчиддаа олгох урт хугацаат зээлийн эх үүсвэрээ төрөлжүүлэх боломжтой боллоо. Энэхүү санхүүжилтийг бүрдүүлэхэд хамтарч ажилласан Sумитомо Мицуй Банкны Корпораци (SMBC),  ING банк болон бусад хамтрагч нартаа талархснаа илэрхийлье” хэмээн хэллээ.

Олон улсын нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ийнхүү єргєжүүлснээр ХААН Банк орон даяар байрлах 100% онлайн сүлжээнд холбогдсон 514 салбар нэгж, 340 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллага, 4500 гаруй ажиллагсдаараа дамжуулан харилцагч бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд  урт хугацаат зээлийн бүтээгдэхүүнийг  улам таатай нөхцөлөөр үргэлжлүүлэн олгоно. 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж