“Ярилцъя” Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонтой Нью- Йорк хотноо Аутизм өвчний эсрэг олон улсын хуралд оролцсоных нь дараа уулзаж зочноороо урьсан юм.
-Тантай уулзаагүй удсан байна. Ялангуяа улс төрийн ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэр бүр уншигчидтай уулзаагүй байх. Нью-Йоркод амьдарч байгаа юм байна. Тэгэхээр сонин сайхан ихтэй л биз дээ?
-Танай сонины уншигчдад энэ сайхан намрын налгар өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд төрийн ажлаа хүлээлгэж өгсөн ч мэргэжлийнхээ чиглэлээр хүмүүсийн эрүүл мэндийн төлөө, эмч хүнийхээ үүргийн дагуу ажлаа хийгээд л явж байна. Эмч хүний үүрэг бол амьдралын туршид үүрдэг үүрэг юм даа. Тэгээд бодохоор хүний эзэмшсэн мэргэжил шиг сайхан зүйл байхгүй юм шиг санагдана. Дээрээс нь би багш хүн. Тийм учраас хичээлээ заахаас гадна эмч мэргэжлээ шинжлэх ухаан талаас нь хөгжүүлэх, судлах ажлыг тасралтгүй хийж байна. Улсын маань эрүүл мэндийн салбар ямар хэмжээнд явж байна, дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжүүлэх ямар бололцоо байна, бусад улстай харилцаа холбоогоо өргөжүүлэх, бэхжүүлэх талаар юу хийж чадахаар байна гэсэн эрэл хайгуул, судалгааны ажлуудаар өөрийгөө дарж суух юм. Бүх зүйл цаг хугацаатай байдаг учраас түүнтэй уралдсан ажиллаж байна. Үүнээс гадна нөхөр маань НҮБ-д Монгол Улсаа төлөөлж ажиллах суурин төлөөлөгч, Элчин сайдаар томигдлоод төрийн энэ нэр хүндтэй, хариуцлагатай албыг хашч байна. Мэдээж эхнэр, ээж хүний хувьд үр хүүхэд хань ижилдээ тус дэм болох хэрэгтэй. Эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд энэ үүргээс нь ангид авч үзэх аргагүй юм даа. Нью-Йоркид ирээд иймэрхүү л аж төрж байна. НҮБ-ын 68 дугаар чуулганд үеэр Ерөнхийлөгчөөр ахлуулсан монголын маань төлөөлөгчид ирж ажиллалаа. Их ажлын ард гараад байж байна даа.
-Дэлхийн анагаах ухаан гэдэг энэ ай салбар өдөр бүр гайхамшигт нээлтүүдээр дүүрэн байдаг. Та шинжлэх ухааны томоохон төв Нью-Йоркод байна. Хамгийн сүүлд гэхэд элэгний С вирусийг устгадаг эм гарлаа. Энэ мэт супер амжилтууд гарсаар байна. Хамгийн сүүлийн үеийн шинэ, сонин юм юу байна ?
-Анагаах ухааны шинжлэх ухаан бол агуу том салбар. Нэг ёсондоо ураг эхийн хэвлийд бий болохоос өмнөх үеэс авахуулаад, хорвоог орхин явтал нь тухайн хүнтэй цуг байдаг ийм шинжлэх ухаан юм. Тийм болохоор нээлтүүд тасралтгүй үргэлжилж байдаг. Нөгөө талаас хүний хөгжил, эрүүл мэндээс шалтгаалаад тухайн улс орны эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлдог болохоор үнэхээр гайхалтай салбар. Тийм учраас дотроо маш нарийн мэргэшлийн зүйлээр төрөлжсөн байдаг. Өөрөөр хэлбэл, анагаах ухааны гэмтэл согогын эмч гэсэн мэргэжлээр төгссөний дараа тэрхүү шинжлэх ухаан руу цааш нь алхан орохын тулд заавал ахин нарийн мэргэжил эзэмшдэг. Сүүлийн жилүүдэд анагаах ухааны салбарт яг энэ чиглэл гэхэд асар их хүрээгээ тэлж байгаа. Үүнийгээ дагаад улам нарийсч байна. Монгол улс ч энэ чиглэлүүдээр хоцрохгүй байх, заримаар нь дэлхийн төвшинд хөл нийлэн алхахыг зорьж байгаа. Одоо манай эмч нарыг өндөр хөгжилтэй орнууд урьж авчирч хамтран шинэ хагалгаа, нээлт хийх хөтөлбөрүүд гэхэд маш амжилттай явж байгаа.
-Манай эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгааг өөрсдөө хийж эхлэсэн. Амжилттай хийсэн хэдэн тохиолдол болж байгаа вэ. Та нарыг энэ салбарыг удирдаж байх үед хийгдсэн ажил болохоор асууж байгаа юм?
-Арав гаруй хагалгаа хийсэн.
-Зардал өндөр ажил шүү дээ. Зардлыг ер нь хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Гадаадын улс орнуудад бол тухайн хагалгаанд орж байгаа хүмүүсийн зардлыг тодорхой хэмжээнд хөнгөлдөг юм билээ. Харин Монголд бол 20 орчим сая төгрөг гээд заасан тариф байдаг. Гэтэл элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхэд олон улсын жишгээр ойролцоогоор 150-250 мянган ам.доллар байдаг.
-Эх орондоо энэ хагалгааг хийж чадаж байгаа нь өөрөө том алхалт. Төрөөс ч тэдний ажлыг өндрөөр үнэлсэн. Тэгэхээс ч аргагүй юм даа.
-Тэгэлгүй яахав. Одоо бодлогоор тэтгэж, хөрөнгө мөнгөөр дэмжиж өгөх хэрэгтэй.
-Эрүүл мэндийн салбарыг өнөөдөр толгойлж байгаа сайд нь “Энэ салбар уналтад орчихсон байсан. Нэг ёсондоо элгээрээ хэвтчихсэн байсан салбарыг би хүлээж аваад зүдэрч байна” гэсэн хурцхан мэдэгдлийг хийсэн. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд энэ яамны дэд сайдаар ажиллаж байсны хувьд та ямар хариулт өгөх бол?
-Улстөрч хүн хэлж, ярьж байгаа зүйлдээ маш их анализ хийж, бодит судалгаан дээр үндэслэсэн мэдэгдлүүдийг нийгмийн өмнө хийж байх ёстой л доо. Нэг ёсондоо ард түмнийхээ оюун ухаанд сөргөөр нөлөөлөх зүйлийг хэлж ярихдаа маш хариуцлагатай тунгаах ёстой. Салбарын сайд эрүүл мэндийн салбартаа, эмч нартаа итгэх итгэлийг батлан дааж байх ариун үүрэгтэй. Тэгж байж монгол хүн монголынхоо анагаах ухаанд итгэнэ. Өвчтэй хүмүүст өвчнөө ялан дийлэхэд нь туслаж, ард иргэдээ эерэг мэдээллээр хангаж байх нь төрийн өмнө хүлээсэн үүргийнх нь нэг чухал хэсэг шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарыг удирдаж буй сайд улс төржсөн, популист алхмуудаас аль болох хол байгаасаа гэж боддог юм. Гэхдээ манайд улс төрийн хонжоог нэгдүгээрт эрэмбэлдэг болсоор удаж байна.
-Тийм шүү дээ. Ер нь эрүүл мэндийн салбарт аливаа улс төржилт байх ёсгүй. Эрүүл мэндийн салбар улс төрийн хатуу тэмцлээс ангид байх ёстой. Өөрөөр хэлбэл, монголын ард түмний эрүүл энх сайн сайхны төлөө л бүх мэдлэг чадвар, бололцоо чадвараа дайчилж ажиллах учиртай шүү дээ. Үүнийхээ төлөө ч тангараг өргөдөг. Улс төржсөн, популист маягийн бодлого үнэртүүлсэн уур амьсгалыг энэ салбар луу чирч байгаа нь буруу. Аль ч засгийн үед төрийн залгамж халаа гэж нэг чухал зүйл зайлшгүй хадгалагдаж явах ёстой. Миний хувьд сайдыг тийм мэдэгдэл хийсэнд үнэхээр харамсч байна. Би 2007 оноос эхлэн Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллахдаа гурван ч Засгийн газрын нүүрийг үзсэн. Гурван сайдтай хамтарч ажилласан. Тухайн үеийн сайдуудын аль нь ч түрүүчийн Засгийн газрын үед ийм байж, тийм байж гэсэн ул суурьгүй, улс төржсөн юм ярьж байгаагүй санагдана.
-Гэхдээ өнөөдөр бүх таагүй юм нь өмнөх Засгийн газраас болсон л гэж ярьцгааж байгаа шүү дээ?
-Хэрвээ үнэхээр болж бүтэхгүй зүйл байгаа бол цаашид яаж түүнийг нь арилгаж явах вэ гэдгийг нь анхаарах ёстой шүү дээ. Тийм муу байсан, одоо ийм сайн болгоно гэсэн улгүй хөөсөрсөн мэдэгдлүүд нь улс төрийн соёлгүй, мэргэжлийн бус хандлагуудыг л харуулж байх шиг харагддаг юм. Алдаа эндэгдэл гарсан байж болно. Гэхдээ хамтын алдаа биш байсан гэж үзэх үндэслэл ядаж байхгүй шүү дээ.
-Эрүүл мэндийн салбар өмнөх Засгийн газрын үед бас л хүнд байсан шүү дээ. Төсөв нь хүртэж ядаад л ?
-2007 онд эрүүл мэндийн салбарын төсөв 279 сая төгрөг байсан. Харин өнгөрсөн хугацаанд энэ төсөв хагас их наяд төгрөг болж өссөн байдаг. Гадаадын тусламж үйлчилгээ гэхэд ойролцоогоор 90 орчим мянган доллар л байсныг 392 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжийг бид авдаг болсон юм шүү. Энэ бол ажил байсан. Бид ажиллаж, зүтгэж байж энэ өсөлтийг бий болгож чадсан.
-400-гаад тэрбумын хөрөнгө оруулалт гэдэг бол бага биш зүйл.
-Тэгэлгүй яахав. Улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг бүгдийг нь өргөтгөж, 30-40 жилийн өмнөх Улаанбаатарын оршин суугчдад л үйлчлэх хэмжээний хүчин чадалтай байсныг нь бид тэлсэн. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбарт ахиц гараагүй байна гэж үү. ДЭМБ-ын хүрээнд Монгол асар их нэр хүндтэй болсон. Үүнээс гадна ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлд орсон. Мөн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Монголд айлчиллаа. Энэ бүх ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гэхэд бид хоёр гурван жилийн өмнөөс л хөөцөлдөж, хүч тавин ажиллаж байж зохион байгуулж байсан юм шүү. Бусад төрөлжсөн бүсийн захирлууд нь ч монголд айлчилсан. Бүсийн захирлууд ч тэр болгон айлчлаад байдаггүй юм шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гадаад харилцаа ямар төвшинд хүрснийг эндээс харж болно. Дээр нь, Монгол Улс анх удаа өөрсдөө мөнгө төлж эмч нараа багаар нь гадаадад сургалтад хамруулдаг болсон байгаа шүү дээ. Энэ бол үнэхээр тийм амар бүтдэг зүйл биш.
-Мэдээж эрүүл мэндийн салбарт маш олон ахиц гарсан. Тэгэхээр хоёулаа түрүүний яриандаа эргээд оръё. Уншигчдын хувьд эрүүл мэндийн салбараас шинэ ололтын тухай мэдээллүүдийг л үргэлж хүлээж байдаг. Яагаад гэвэл өвчин гэдэг бол аз жаргалыг устгадаг ганц вирус юм. Шинжлэх ухааны өнөөгийн төвшин ДОХ-ыг гэхэд ялж чадаагүй л байна. Давуу мэдээлэлтэй байгаа хүний хувьд ямар шинэ мэдээлэл дуулгах бол гэж таныг хайж байж уулзаж байгаа юм. Бас таныг НҮБ-ын чуулганы хажуугаар чухал хуралд оролцож байна гэж сонссон. Тэр чухам ямар арга хэмжээ байсан юм бол?
-НҮБ-ын гол сэдвүүдийн нэг нь эрүүл мэндийн асуудал байдаг. Энэ жилийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг түлхүү ярьж байна. Гэхдээ сүүлийн зургаан жилд гол сэдвийн нэг байж ,НҮБ-аар дэмжүүлж байгаа зүйл нь аутизмын асуудал юм. Өөрөөр хэлбэл, ганцаарчлал гэх энэ өвчний талаар судлагдаагүй, нээгдээгүй олон зүйл байна.
-Уучлаарай, аутизм нь дауны өвчнөөс яг ямар ялгаатай вэ?
-Даунаас өөр. Аутизм бол өөрөө тухайн хүүхэд орчноос тасарч, хэн нэгэнтэй харилцаа холбоо байхгүй болчихдог. Нэг ёсондоо өөрийнхөө юу бодож, сэтгэж, юунд гутарч байгаагаа мэддэггүй. Сэтгэлийн илрэлээ гадагшаа илэрхийлэх, түүндээ дүгнэлт хийх чадваргүй байдаг гэсэн үг. Маш аюултай өвчин.
-Хэдий үед нь оношлох боломжтой байдаг вэ?
-Хэдий чинээ эрт оношилно, төдий чинээ бусадтайгаа харилцах хандлага нь өөрчлөгдөх боломжтой. Өөрөөр хэлбэл, ээжийгээ таньж эхлэх, тоглоом өгөхөд баярладаг болох гэх мэтээнр. Тиймээс аль болох эрт оношлох тусам сайн.
-Аутизмын шинж тэмдгүүд нь ?
-Сэтгэлээр унасан хэлбэрээр илэрдэг. Учир нь тухайн өвчнийг эхлэх хүртэл хүүхэд хэвийн өсөж байгаа юм шиг л харагддаг. Тиймээс маш аюултай. Аутизмтай хүүхдүүд амьдралынхаа эхэн үед олон янзын зан үйлийг давтан хийдэг. Гараа дэвэх, биеэ займчих, ямар нэг дуу чимээ гаргах зэрэг. Мөн олон тооны зүйлсийг дахин дахин хийх гэх мэт. Аутизмтай хүүхдүүдийн бас нэг шинж нь бол хөдөлгөөний зохицуулалтын дутагдал ба булчингийн үйл ажиллагаа cул байдаг. Аутизмтай хүүхдүүд ярьж чаддаггүй бөгөөд амьдралынхаа турш чимээгүй байдаг.
-Тэгэхээр аутизмтай хүүхэд ерөөсөө ярихгүй гэсэн үг үү?
-Ерөөсөө ярьдаггүй. Сонсголын бэрхшээлтэй эсвэл хэл ярианы доголдолтой байна гэх мэтээр төөрөлдсөн оношилгоо явчихдаг сөрөг тал их гарч байна.
-Америкийн нэгэн гэр бүл аутизмтай хүүхдээ аваад монголд ирж, Хөвсгөлийн бөө дээр ирсэн тухай нэг баримтат кино үзэж байсан юм. Дауны өвчтэй хүүхдүүд гэхэд нийгмийн хайр халамжаас ангид, маш өрөвдөлтэй байдалд байдаг. Монголд дауны өвчтэй хүүхдүүдийн холбоо гэж байдаг юм билээ. Харин одоо аутизм гэж өвчин нэлээд яригддаг болж байна. Манайд энэ өвчтэй хүүхдүүд хэд байгаа талаар мэдэх үү ?
-Дэлхий дээр ойролцоогоор 70 сая орчим хүүхэд аутизмтай гэсэн тоо бий. АНУ-д гэхэд 88 хүүхэд тутамд нэг хүүхэд, 54 эрэгтэй хүүхэд тутмын нэг нь аутизмтай байдаг. Нэг ёсондоо эрэгтэй хүүхэд илүү давамгай өртөж байна гэсэн үг.
-Тивээр нь авч үзвэл ямар судалгаа байдаг бол?
-Яг тивээр нь ярих боломжгүй. Үүнээс гадна аутизмаа оношлоод мэдээллээ бүрэн гүйцэт өгсөн орон байхгүй байна. Манай улсын тухайд аутизмаар өвчилсөн хэдэн хүүхэд байгаа талаар ДЭМБ-д ямар ч тоо баримтаа өгөөгүй байх жишээтэй. Тухайн чиглэлээр ч ямар нэгэн мэдээлэл огт байхгүй байна. Сая би Аутизмын олон улсын хуралд оролцлоо. Маш онцлогтой хурал болсон. НҮБ-ын 90 гишүүн орон нэгдэж санал бодлоо солилцлоо. Судлаачдын хэлж байгаагаар нэг аутизмтай хүүхдэд хамгийн багаар бодоход арван хүний анхаарал халамж хэрэгтэй байдаг юм байна. Цаашлаад нарийн авч үзвэл бүр 20 хүн хайр халамж тавих шаардлагатай юм билээ. Өөрөөр хэлбэл, нэг аутизмтай хүүхдийг дагаж 20 хүн эдийн засаг болон сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд ордог гэсэн үг.
-Эмчлэгдэх боломжийг нээгээгүй байдаг ?
-Эмчлэгдэхэд маш хэцүү. Тиймээс хэдий чинээ эрт оношлно, төдий чинээ тухайн хүүхдийг нийгэмшүүлэх, хэл ярианых нь хөгжлийг засах боломжтой болдог. Аутизмтай хүүхдийг нэрээр нь дуудахад хэзээ ч нэрээ сонсч эргэж хардаггүй. Гэтэл “Чи ундаа уумаар байна уу” гэхэд эргээд хардаг. Мөн хэзээ ч хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй. Тоглоомоор тоглодоггүй, хүний хайр энэрэлийг мэдрэх боломжгүй гээд ерөөсөө ганцаардмал байдалд байдаг. Тэгэхээр түүнийг аль болох хэлд орохоос нь өмнө, хэл орж байхад нь оношлоод, орчинтойгоо харилцах харьцааг нь бий болгох нь тухайн хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө. Гэхдээ аутизм тухайн хүүхдийнхээ хүндрэлээс шалтгаалаад янз бүр байдаг.
-Одоо гэсэн энэ өвчнийг судлаад эхлэчихсэн, анхаарлаа хандуулчихаад байгаа орнуудаас бусад мэдээлэлгүй байгаа улс орнуудад аутизмыг төрөлхийн хэлгүй, сонсголгүй юм байна гэх зэргээр оношилж төөрөлдөх магадлал их гарах магадлалтай юм байна шүү дээ?
-Маш их гардаг.
-Аутизмаас сэргийлэх вакцин гэж байгаа юу?
-Байхгүй.
-Тэгэхээр таны оролцсон хурал дээр гол шийдэл юун дээр очив ?
-Ерөөсөө мэргэжлийн эмч нарыг түлхүү бэлдье. Эцэг эхчүүдэд мэдлэг олгоё. Гэр бүл төлөвлөлтийн маш зөв явуулъя. Эрт хүүхдүүдээ оношлоё гэж ярьлаа. Хамгийн анхаарал хандуулах зүйл нь аутизмтай хүүхдийн хүндрэлээс хамаараад энэ өвчин маш олон төрөл байдаг юм байна. Жишээлбэл, гадна талдаа бие бялдрын эрүүл бус байх. Эсвэл эв эрүүл мөртлөө хүнтэй харилцах харьцааг мэдэрч чаддаггүй байх жишээтэй. Тиймээс аутизмтай хүүхдүүдэд зориулсан өдрийг бий болгож байна. Тусгай хөтөлбөрүүдийг боловсруулахаас гадна эцэг эхчүүдийг нь ажлаас хөнгөвчлөх нийгмийн халамжийн бодлогоор дэмжих зэрэг ажлыг хийхээр болоод байна. Мөн тусгай сургууль, эмнэлгийг бий болгож эхэлсэн.
-Манай улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхэд зориулсан, тэднийг дэмжих төрийн бодлого гэж огт байдаггүй.
-Монголын хувьд нэг төрийн бус байгууллага л байдаг. Зарим нь надтай уулзаж бүхий л зовлон жаргалаа ярьцгааж, бид санаа бодлоо хуваалцаж байсан.
-Дауны синдромтой хүүхдүүдийнх үү?
-Биш. Аутизм.
-Тэгэхээр монголд аутизм байгаа гэсэн үг үү. Би эрүүл мэндийн тоймч биш болохоор мэдээлэл дутуу байна. Та уучлаарай?
-Байгаа. Эцэг эхчүүд нь надтай уулзаад уйлж байсан. Бид мэдээлэлээ солилцож, чадах чинээгээрээ хамтарч ажиллах арга замыг эрэлхийлж байсан. Тэгэхэд тэдний зарим би яагаад хүүхдээ ойлгохгүй байв аа. Заасан газар суухгүй, сурахгүй, үг авахгүй гээд загнаад л, хий дэмий гайхшраад аргаа бараад явсан гээд уйлж байсан. Өөрөөр хэлбэл, өвчтэй гэдгийг нь мэдэхгүй хүүхдээ загнаад л хажуугаар нь өөрөө ядраад бухимдаад байсан гэж . Хэрвээ надад энэ өвчний талаарх мэдээлэл, мэдлэг байсан бол, хэн нэг нь надад эрт хэлсэн бол нэг өдрийн өмнө ч гэсэн охиноо, хүүгээ хайрлаж, ойлгох байсан юм байна гэж харуусч байсан. Яахав, амьдралын хувьд эдийн засгийн чадвартай хүмүүс нь гадаад яваад оношлуулчихаж байгаа юм. Одоогийн байдлаар 40 гаруй хүүхэд аутизмтай байна гэсэн албан бус тоо надад байна. Эцэг эхчүүд нь интернэтээр хайгаад, нэг нэгнээ мэддэг, хоорондоо харилцдаг болсон байна лээ. Гэхдээ яг бодитойгоор танай хүүхэд чинь ийм аутизм гэдэг өвчтэй байна гэдгийг нь оношлоогүй байгаа гэр бүлүүд шүү дээ. Хамгийн гол нь аутизмыг оношлох эмч байхгүй учраас хожуу үед нь мэдэж, тухайн гэр бүлд асар их зовлон гунигийг бий болгож байна гэсэн үг шүү дээ. Миний хувьд олон улсын хуралд оролцсон зорилго нь энэ чиглэлийн эмч нарыг монголд авчрах, зөвлөгөө өгүүлэхийг зорьж байна. Мөн шаардлагатай тохиолдолд ямар арга хэмжээ авдгийг нь судлах, энэ чиглэлийн үйл ажиллагааг нь хэрэгжүүлэх гарцыг хайж байгаа.
-Хорт хавдрыг эрт үед нь оношилбол ялж чадаж байна. Харин сахарын өвчинд гарч байгаа ахиц байна уу ?
-ДЭМБ-аас тавьсан гол асуудал нь урьдчилан сэргийлэх. Бүх нийтийн эрүүл мэндийн талаарх мэдлэгийг шинэ төвшинд гаргая. Цэцэрлэг, сургуулиас нь урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгоё гэж байгаа. Ингэж чадах юм бол асар их хөрөнгө зарахгүй шүү дээ. Дээр нь, тухайн өвчнийг огт тусахгүй. Энэ өвчний тухайд улам л залуужиж байна. Нэг ёсондоо чимээгүй тахал маягаар бүхий л улс орныг хамарсан аюултай өвчин болоод байгаа. Тийм учраас сахарын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг олон нийтэд өгөх нь чухал.
-ДОХ-ын тухайд ?
-ДОХ-ын хувьд эрт оношлуулсан ч анагаахад хэцүү өвчин шүү дээ. Гэхдээ шинэ нээлт гарч л байна. Нэг ёсондоо эрт оношлоод дархлааг нь бий болгосон байхад илүү урт удаан амьдрахад нь нөлөөлж чадах төвшин рүү дэлхийн анагаах ухаан алхсан гэсэн үг.
-Манайд энэ өвчнөөр өвдөгсдийн тоо нэмэгдсээр л байгаа?
-Тийм ээ. Нэмэгдсээр л байгаа. Гэхдээ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад бага байгаа. Хэдийгээр бага тоо гэсэн ч нэг ДОХ-той хүний ард 500 хүн байдаг гэхээр маш аюултай. Тиймээс ДОХ-ыг тусахгүй байхын төлөө хувь хүн юуг анхаарах,цаашлаад нийгмийн хариуцлагын тогтолцоог бий болгох, иргэддээ мэдлэг олгох нь чухал байна.
-Та нэг төрийн бус байгууллагыг тэргүүлж ажилладаг байх аа. Ямар байгууллага билээ?
-Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллахаасаа өмнө цусны өвчтэй хүүхдийг дэмжих зорилгоор “Улаан бүчтэн” хөдөлгөөнийг байгуулаад, цусны хорт хавдартай хүүхдүүдэд тусламж үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан. Тухайн үед олдоггүй байсан эмийг нь олж өгөх гэх мэтээр чадахаасаа эхлээд бүх анхаарлаа хандуулж ажилладаг байсан. Мөн төрөлхийн сэтэрхий уруултай 40 хүүхдүүдэд багштайгаа нийлж хагалгаа хийж байлаа. Харин сайд болсныхоо дараа энэ ажилд төдийлөн зав гаргаж чадахгүй байсан. Харин одоо эргээд үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Нөгөө талаас адилхан л энэ хорвоод хүн болж төрчихөөд бусад оронд оношлогдоод эмчлэгдээд байгаа тийм хүмүүсийг монголдоо эмчлэх боломжийг тэлэхийн төлөө бид зүтгэх ёстой.
-Та бол МАН-ын гишүүн хүн. Танай намын хувьд дараалсан ялагдлуудын ард дотооддоо нэлээд бужигнаантай байх шиг байна. Та намын гишүүнийхээ хувьд хэр идэвхтэй гишүүн бэ. Намын шинэчлэлийнхээ талаар ямар бодолтой явж байна. Цаашид улс төрд идэвхтэй ажиллах зорилго бий юу?
-Миний хувьд сүүлийн 10 гаруй жилээ улс төрд идэвхтэй зориулсан. Нэгэнт л улс төр лүү хөл төвьсан бол асар их зориг тэвчээр гаргах, хувийн болон гэр бүлийн амьдралаа хойш тавих ёстой болдог. Хэрэв шантрах юм бол улс төрд ажиллах бололцоогүй гэсэн үг. Манай намын хувьд дотооддоо маш их дүгнэлт хийж байгаа. Энэ улсын төрийг олон жил авч явсан улс төрийн ууган хүчний хувьд хариуцлага өндөр байхыг, алдаагаа хурдан залруулахыг нийгэм шаардаж байдаг. Шинэчлэл гэдэг сэдвийг нэг хэсэг нь бариад л гүйлдэж байгаа байх. Гэхдээ би нэг зүйлийг боддог юм. Жирийн жишээ дурдахад хүүхэд төрөхдөө өвчтэй төрлөө гэж бодъё. Гэтэл өвчтэй хүүхэд төрчихлөө энийг хаячихъя. Шинээр хүүхэд гаргая гээд явдаггүй биз дээ. Тиймээс алдаа байгаа бол түүнийгээ яаж шинэчлэхээ л ярилцах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл залгамж халаатай байх ёстой. Үндэсгүй мод гэж байдаггүй биз дээ. Мэдээж Удирдах зөвлөлийн гишүүнээр удаа дараа сонгогдож байсны хувьд намын гишүүд өөрсдөө итгэл үнэмшилтэй, хүчтэй байгаасаа л гэж уриалмаар байна. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм чинь өрсөлдөөн байх нь зүйн хэрэг. Гагцхүү улс төрийн жишгээ гагцхүү дагаж ард түмнийг татаж, талцуулах биш үндсэн хуулиар бий болсон эрх чөлөөгөө эдлэх бололцоогоор нь хангаж өгөх хэрэгтэй. Гэтэл монголын улс төр ард түмэндээ санаагаа илэрхийлэх боломжийг нь олгодоггүй. Бүрэн дүүрэн мэдээлэл авах боломжийг нь олгодоггүй. Үүнээс болж монголын ард түмний 40 хувь нь сонгуульдаа оролдоггүй болчихлоо. Гэтэл сонгууль гэдэг маань аль нэг намын гишүүнийг нь л батлах төдий зүйл биш шүү дээ.
-Таныг хэвлэлүүд мөн ч их ороодог байж. Элдвээр гүтгэж гүжирдэж зарим тохиолдолд доромжилж байсан ч та нэгээхэн ч удаа уйлж унжиж, шүүх цагдаад өгч, хүйсийн сул дорой байдлаа ашиглаж байгаагүй. Таны энэ чанарыг хүндэтгэдэг шүү. Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Олон жил янз бүрээр бичүүлсэн. Сүүлдээ бүр аан, тэгээд гарчихаж уу гээд л өнгөрөөдөг болчихсон. Хаана, аль сонинд вэ ч гэж асуухаа больсон. Амьдрал өөрөө бүх зүйлд хариулт өгдөг шүү дээ. Нөгөө талаар аяндаа хүмүүс хооронд ойлголцол бий болдог. Хожим нь бас л дэндүү хэтрүүлж байжээ гэж надад зарим нэг сэтгүүлчид хэлж байсан. Энэ бол аяндаа цаг хугацааны явц хүмүүсийг нээж, таниулж байна гэсэн үг. Би тэвчээртэй болсон. Тэвчээр бол улс төрд яваа хүнд маш чухал ойлголт.
Холбоотой мэдээ