Эрхэм гишүүд ээ, хүүхдийн төлөө за гэж хэлнэ биз дээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Эрхэм гишүүд ээ, хүүхдийн төлөө за гэж хэлнэ биз дээ

Хүүхдийн цэцэрлэг гэхээр бөөн дараалал, цувж зогссон хүмүүс, хонон өнжин
хүлээх, авлига өгөх гээд цөөн хэдэн сонголт л иргэдэд бодогддог болсоор
чамгүй олон жилийг үджээ.

Өнөө цагт ихэнх хүмүүс Ерөнхийлөгч болохоос илүүтэй цэцэрлэгийн эрхлэгч
болохыг мөрөөддөг болж. Учир начрыг нь тайлбарлаад ч хэрэггүй биз дээ,
угаасаа ойлгомжтой.

Яг ийм хүнд цаг үед БШУЯ-аас төрийн байгууллагуудын дэргэд цэцэрлэг
байгуулах тухай журам боловсруулсан байна. Нарийн ярьвал, төрийн
байгууллагууд хэдэн ажилтантайгаасаа хамаараад хажуудаа цэцэрлэг
байгуулах юм.

Цэцэрлэг байгуулах гэж байгаа нь энэ гээд нүсэр ажил хийгээд байх
шаардлага байхгүй. Ердөө л нэг өрөөгөө жаахан тохижуулаад, ширээ сандал
тавиад, хэдэн тоглоом өрөөд л янзалчихна.

За тэгээд хоёр багш, ажилчдын хоолны газартай бол тэндээ хүүхдүүдэд
багахан идэж уух юм өгчихнө. Нэг байгууллагад сайндаа л 15 хүүхэд байхад
хангалттай шүү дээ. За түүнээс олон хүүхэдтэй бол хоёр өрөө л
гаргачихна биз. Ямар ч байсан асуудлыг иймэрхүү маягаар шийдэж болох юм
байна гэсэн гарцыг Боловсролын яамны мэргэжилтнүүд олж хараад, журмаа
боловсруулчихсан байгаа юм билээ. Энэ бол тун зөв зүйтэй санал.

Өнөөдөр Улаанбаатар хотод цэцэрлэгт явж чадахгүй 30 гаруй мянган хүүхэд
байна. Тэр олон хүүхдийн ихэнх нь алслагдсан гэр хорооллынх. Хүүхдээ
хувийн цэцэрлэгт өгчих чадалгүй, мөнгө төгрөг муутай айлынх л байж
таарна. Нөгөө талаар төрийн хувийн гэлтгүй ажилтай хүмүүс өглөө хүүхдээ
цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд, ажилдаа явсаар байтал хоцрох нь зүгээр л
энгийн үзэгдэл. За тэгээд хоцорчихлоо гэхэд цалин мөнгөө хасуулна. Янз
бүрээр загнуулна, чичлүүлнэ. Өнөөх хэдэн дарга нь өөрсдөө цэцэрлэгийн
насны хүүхэдтэй байгаагүй юм шиг л ажил амьдралаа зохицуулсангүй гээд л
“хуцаж” өгнө дөө.

Ингээд дуусахгүй ээ, орой хүүхдийнх нь цэцэрлэг 17:00 гээд тарах болдог.
Тиймээс ажлын цаг дуусахаас 30 минутын өмнө гарч явах хэрэг гарна.
Түүнийг дарга нь мэдчихвэл “хуцах” нь битгий хэл “урах” дээрээ тулна биз
дээ. Залуучууд иймэрхүү байдалтай л аж төрөх гэж ядаж байна.

Тэгвэл төрийн байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулчихвал энэ бүх хүндрэл
зэрэг арилна биз дээ. Дээрээс нь төрийн байгууллагад ажилладаг
хүмүүсийн хүүхдүүд улсын цэцэрлэгт явахаа больчихвол гэртээ сууж байгаа
30 мянган хүүхдээс цөөн хэд нь ч болов сургуулийн өмнөх боловсролд
хамрагдах боломжтой болно. Энэ мэтээр уялдаа холбоог нь тоочоод байвал
барагдахгүй.

Цаашлаад гайгүйхэн боломжтой, томхон хувийн байгууллагууд энэ жишгээр
ажиллавал цэцэрлэгийн асуудал харин ч нэг шийдэгдээд ирдэг юм байгаа биз
дээ. Одоогоор 3, 4 хувийн байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулаад,
ажилчдынхаа хүүхдүүдийг харж байгаа юм билээ. Мэдээж тэр
байгууллагуудаас туршлага судалсан биз. Болж бүтэх нь тодорхой гэдэг нь
үүнээс харагдлаа.

Нэгэнт журам гарсан талаар дээр дурьдсан. Журамд яг юу тусгасан талаар
нарийн мэдээлэл хараахан гараагүй байгаа ч шийдэл нь зөв. Харин одоо
УИХ-аар оруулж хэлэлцүүлэх юм гэсэн. Ямар ч байсан энэ намрын чуулганаар
асуудлыг шийдвэрлүүлэх гэж оролдох байх, яамныхан. Харин УИХ-ын эрхэм
гишүүддээ хандаж захихад, хүүхдийн төлөө “за” гэж хэлээрэй. Өмнө нь хэлж
байсан эрхэм байвал дахиад нэг дуугарчихад муу нь юун. Огт хэлж
байгаагүй хүн байвал нэг удаа хэлээд үзчих. Аятайхан байх болов уу. Энэ
удаад “за” гэж дуугараад, журмыг нь дэмжчихвэл зөвхөн хүүхдийн төлөө ч
биш залуу гэр бүл, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэйчүүд гээд
олон хүний төлөө толгой дохисон хэрэг болно. Тэгээд ч нэг сумаар нэжгээд
туулай буудлаа л гэсэн үг шүү дээ.

Өнөөдөр Улаанбаатар хотын нэг дүүрэг гэхэд 10, 20 хороотой. Томхон
дүүрэг нь бүр 30 гарсан хороотой байдаг. Нэг хороо нь 10 гаруй мянган
хүнтэй. Гэтэл 30 гаруй хорооных нь 10 нь ямар ч цэцэрлэггүй байгаа жишээ
дүүрэн л байна. Дүүрэгтэй, хороотой нь дурьдсан ч болно. Тэр олон
хороонд ядаж нэг нэг цэцэрлэг байгуулна гэвэл улсын төсвөөс багагүй
мөнгө гарах нь тодорхой. Асуудлыг яваандаа шийдэж, цэцэрлэг, сургууль
барина гэж байгаа ч хэзээ ч юм билээ. Мөн төгрөг, төсөв нь ч хаана
байгаа юм, бүү мэд. Зарим дүүрэг “Орон нутгийн хөгжлийн сан”-д
төсөвлөсөн мөнгөөрөө цэцэрлэг барьтал нийслэлээс больж гэж загнасан ч
сураг байсан. Угаасаа “Орон нутгийн хөгжлийн сан”-д ирсэн мөнгийг
иргэдээсээ асууж байж зарцуулна гэж байгаа.

Өнөөдөр иргэдийн санал, хүсэлтийн нэн тэргүүнд байгаа зүйл бол цэцэрлэг,
сургууль гэдэг ойлгомжтой шүү дээ. Гэтэл хуульд иргэдийнхээ саналыг
сонсоно гэж заачихаад, хүсэлтийнх нь дагуу цэцэрлэг барихаар болохгүй
гээд байгаа. Энэ мэт жишээнээс харахад, төр засгаас цэцэрлэг барьж, ард
түмэн биднийгээ гялайлгатал зай ч байна, лай ч байна. Үүнийг эрхэм
гишүүд ч сайн мэдэж байгаа байх. Тиймээс БШУЯ-аас журам гаргаж ирсэн
дээр нь шууд дэмжих хэрэгтэй шүү дээ. Тэртээ тэргүй УИХ-аар хэрэгтэй
хэрэггүй баахан хууль баталчихаад худал хэлсэн хүнд сарын дараа өнөөхөө
өөрчлөөд байж байгаа. Нэг хүн, нэг байгууллагад зориулсан хууль ч баталж
байгаа гээд хэлчихвэл буруудахгүй биз. Угаасаа хэвлэлийнхэн бүгд тэгж
хардаж байгаа юм чинь. Тэгэхээр нийтийн төлөө, залуу гэр бүлийн тусын
тулд, гэртээ сууж байгаа 30 мянган хүүхдийн төлөө нэг удаа журам
баталчихад яах вэ дээ. Улсын төсвөөс нэг цэцэрлэг барихын тулд тэрбум
төгрөг зарцуулах хэрэгтэй болно. Зориглоод зарцуулбал тийм ч их мөнгө
биш.

Цагийн сайханд гишүүд тойрогтоо зарцуулах нэрээр үрдэг байсан л мөнгө
шүү дээ. Харин яг цэцэрлэг, сургууль барих дээрээ тулахаар татганахаас
өөр аргагүй их хэмжээний төсөв юм байлгүй дээ.

Ямар ч байсан улсаас цэцэрлэг барина гэж сүүлийн хэдэн жилд л мөнгө
төгрөг гаргасан. Нэгэнт улс ингэтлээ татганаж байгаа цагт төрийн
байгууллагын нэг өрөөг тохижуулаад, ганц хоёрхон хүн цалинжуулаад
цэцэрлэгийн асуудлыг шийднэ гэдэг үнэхээр сайн хэрэг биш үү. Бүр
болохгүй бол тодорхой хэмжээний зардлыг эцэг, эхээр нь даалгасан ч яах
вэ дээ. Хоолны мөнгийг нь ч юм уу. Тэгвэл төрийн нуруун дээр ирэх ачаа
бага ч гэсэн багасна. Цэцэрлэг барих гэж тэрбум төгрөг үрэх ч
шаардлагагүй болж байгаа юм.

Энэ мэтхэнийг УИХ-ын эрхэм гишүүд сайн мэдэж байгаа биз ээ. Гэхдээ
намрын чуулганаар төсөв мөнгөтэй холбоотой олон чухал асуудал хэлэлцэнэ.
Түүнээс гадна олон хүүхэд төрүүлсэн ээжид өгөх мөнгөнөөс авахуулаад
халамжийн шинжтэй баахан хууль орж ирэх байх. Тэр бүхэнд дарагдаад,
цэцэрлэгийн асуудлыг анхааралгүй орхичих вий гэж айсандаа л сануулаад,
үглээд байгаа хэрэг.

Өнөөдөр цэцэрлэгийн насны 30 гаруй мянган хүүхэд гэртээ сууж байна гэдэг
аймшигтай их тоо. Тэр олон хүүхдийн хэд нь харах хүнтэй, хэд нь гэртээ
цоожлуулж байгаа бол. Мөн хэчнээн залуу эмэгтэй хүүхдээ харж гэртээ
сууж, амьдрал ахуйгаа өөд нь татахад оролцож чадахгүй байгаа бол гэж
бодохоор сэтгэл өвдмөөр. Дээрээс нь гэртээ цоожлуулаад үлдсэн хүүхдүүд
гал алдаж шатаж нас барлаа гэсэн мэдээ ч долоо хоног бүр гарч байна. Хүн
амын тэдэн хувь нь ядуу байгаа. Залуу гэр бүлийн төчнөөн хувь нь орох
оронгүй байна гэсэн элдэв тоо баримтыг албаныхан ярьж л байдаг, ярьсаар
байгаа. Цаашид ч яриад сууж байж ч магадгүй. Үүний цаана олон хүчин зүйл
байгаа ч цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа гэсэн шалтгаан багагүй хувийг
нь эзэлнэ гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

Тиймээс БШУЯ-ныхан боловсруулсан журмаа дариухан УИХ-аар хэлэлцүүлж, бушуухан батлуулж авах хэрэгтэй байна.

Төсөв баталсны дараа хамгийн эхэнд хэлэлцэх асуудал энэ байх хэрэгтэй.
Болж өгвөл ирэх жилийн есдүгээр сард төрийн байгууллагын ажилчдын
хүүхдүүд өглөө эцэг, эхтэйгээ хамт цэцэрлэгтээ явж, гэртээ сууж байгаа
30 мянган хүүхдийн 50 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж
байвал энэ ажлын үр дүн хурдан гарлаа гэсэн үг.

Ээ дээ, эрхэм гишүүд минь ээ. Хүүхдийн, залуу гэр бүлийн төлөө за гэж хэлнэ биз дээ, энэ чинь.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж