“Ногоон хэрэм” төслийн Өмнөговь аймаг дахь менежер Ч.Одсүрэн “2012 онд загаа үрээр тарьсан. 100 га газарт хэдэн сая заг тарьж таарна. Гэтэл үрээр тарьсан заг маань ургац муутай юм байна. Тарьсан үрийн маань тал хувь нь хорогдсон. Тийм учраас энэ жилээс эхлэн бортоготой тарьж эхэллээ. Бортоготой тарихад хэд, хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, услалт бага шаардана. Хоёрдугаарт, хоргодох магадлал тун ховор. Өмнө нь үрээр тарьчихаад долоо хоногтоо 2-3 удаа услах хэрэг гардаг байсан. Говь гэдэг утгаараа услалтад маш их хөрөнгө шаарддаг учраас үрээр тарих нь ашиггүй юм байна” хэмээн өгүүлж байна. Харин “Ногоон хэрэм” төслийн ерөнхий зохицуулагч Чой СҮ Чон “Мод тарихад хамгийн чухал зүйл нь ус юм. Усыг ариг гамтай хэрэглэж, аль болох бага усаар модоо түргэн ургуулах янз бүрийн арга туршиж үзлээ. Усалгааны систем чухал ач холбогдолтой юм. Одоогоор бид дуслын усалгааны систем туршиж байгаагаас гадна модыг дөрөв болон долоо хоногт нэг удаа услах, мөн гүний дуслын системийг туршиж байна. Говьд газрын гүний болон гадаргын усны нөөцөө олоход их хэцүү. Хэрвээ олж чадвал ямар ч газар мод тарих боломжтой” гэж байлаа.
Заг бол зөвхөн Төв Азийн говь нутагт ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдгаараа онцлог мод юм байна. 100 кг заг 80 кг чулуун нүүрстэй тэнцүү хэмжээний илчлэг ялгаруулдаг учраас говийнхон “ургаа нүүрс” гэж нэрлэдэг.