Олон улсын хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Олон улсын хурал үргэлжилж байна

ЮНЕСКО-гийн Зүүн Азийн орнуудын “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээний 13 дахь удаагийн хурал энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Монголын үндэсний комисс, Хүн ба шим мандал хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, Бээжин дэх төлөөлөгчийн газар, Зүүн Азийн орнуудын “Хүн ба шим мандлын нөөц газар”-ын сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газар болон Байгаль орчин ногоон хөгжлийн яам хамтран энэ удаагийн хурлыг зохион байгуулж байгаа аж.

Нээлтийн ажиллагаа өчигдөр Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд эхэлж өнөөдөр мөн үргэлжилж хуралдсан байна. Уг сүлжээний гишүүн орнууд хоёр жилд нэг удаа хуралддаг бөгөөд манай улсад гурван удаа буюу 1997, 2003, 2007 онуудад гишүүн орнуудын уулзалт тус тус зохион байгууллагдаж байжээ. Энэ удаагийн хуралд тус сүлжээний гишүүн орнууд болох Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казакстан болон Япон улсын төлөөлөгчид төдийгүй Дэлхийн байгаль хамгаалах сан, “Дэ Нэйче Консерванси” байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн төлөөлөгчид, НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчид зэрэг нийт 50 гаруй оролцогч хамрагдсан байна.

Энэ хурлаар гишүүн орнууд өнгөрсөн хоёр жилд хийж гүйцэтгэсэн ажлууд болон Сивилийн бодлого, Мадридын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн ажлуудыг хэлэлцэж, ирэх жилүүдийн төлөвлөгөөгөө боловсруулах, түүнчлэн 2015 он хүртэлх Мянганы хөгжлийн зорилт дуусгавар болсны дараагаар цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж зөвлөмж гаргах юм.

Хурлын үеэр төлөөлөгчид 2002 онд ЮНЕСКО-гийн Хүн ба Шим Мандал хөтөлбөрийн Дэлхийн байгалийн нөөц газарт бүртгэгдсэн Хустайн нурууны байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхох аж. “Хүн ба шим мандал” хөтөлбөр нь байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц, баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт удаан хугацаанд хадгалан хамгаалж үлдээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Говийн их дархан цаазат газар, Увс нуурын ай сав газар болон Богд хан уул 1997 онд, Хустайн байгалийн цогцолборт газар 2002 онд, Дорнод Монголын тал газар 2005 онд, Монгол Дагуур 2007 онд тус тус нийт зургаан газар ЮНЕСКО-гийн уг хөтөлбөрт бүртгэгдээд байна. Тус газар нутгуудыг уг сүлжээнд бүртгүүлснээрээ тухайн газрын ховор, нэн ховор амьтан ургамал, ус, ойн сав газар зэргийг хадгалан хамгаалж хурдацтай явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны улмаас доройтож байгаа биологийн олон янз байдал, улам бүр алдагдаж байгаа байгалийн үзэсгэлэнт төрх зэрэг үйл явцыг багасган олон улсын хэмжээнд биологийн төрөл зүйл, амьтан, ургамлыг удаан хугацаагаар оршин тогтнох таатай орчныг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж