Алс хязгаар нутагт хөгжилд хүргэх авто зам тавигдлаа

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Алс хязгаар нутагт хөгжилд хүргэх авто зам тавигдлаа

Стратегийн ач холбогдол бүхий 15 ордны нэг болох Асгатын мөнгөний орд орох 7.3 км хайрган хучилттай авто зам, 72.8 метр урттай төмөр бетон гүүрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтэнд Батлан Хамгаалахын дэд сайд А.Баттөр, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, бригадын генерал Д.Энхбаатар, бригадын генерал Д.Даваа, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Ц.Даваадорж болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Эдийн засгийн хувьд асар их ач холбогдолтой энэхүү зам Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын дөрөвдүгээр багийн нутагт тавигдаж байгаа юм. Өмнө нь Асгатын мөнгөний орд хүрэх шулуун зам байгаагүй бөгөөд Байгалийн өвөрмөц тогтоцтой энэ газраар явган хүн явж чадахааргүй бартаа ихтэй, гол төлөв ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин очдог байсан байна.

Гэвч 2010 онд байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Барилга инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340-р ангийн бие бүрэлдэхүүн байгалийн хүнд нөхцлийг үл харгалзан зам тавих ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Энэхүү анги нь 2012 онд Монгол Улсын “Тэргүүний анги”-aар шалгарч байсан юм.

10 гаруй жилийн өмнө энэхүү орд руу авто зам тавих асуудлыг Арабын орнуудын Абудабигийн сангийн төлөөлөгчид нөхцөл байдлыг судалж, 26 сая ам.доллараар санхүүжүүлэхээртохирсон чажил хэрэг бололгүй өдийг хүрчээ.

Харин УИХ гишүүн Л.Болд 2008-2012 онд Батлан Хамгаалахын сайд байх хугацаандаа Асгатын мөнгөний орд руу хүрэх замын асуудлыг эргэн хөндөж, өнгөрсөн оны улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг суулгаж өгсөн байна. Тэрээр авто зам тавих ажлын хэсэг байгуулан зам тавих ажлыг эхлүүлж байжээ.

Монгол Улсад анх удаа Байгалийн болон уул, техникийн хүнд хэцүү нөхцөлд Ногооннуур сумын дөрөвдүгээр багт зам, гүүрийн ажлыг амжилттай гүйцэтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, зорьсон зорилтоо биелүүлэн салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн Барилга инженерийн тусгай батальон буюу Зэвсэгт хүчний 340-р ангийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.

Нөгөөтэйгүүр Асгатын орд газрыг түшиглэн алс хязгаарын тус бүс нутагт хөгжлийн шинэ төв бий болгох авто зам нээгдлээ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж