Гишүүдэд зориулж үзэсгэлэн гаргая

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Гишүүдэд зориулж үзэсгэлэн гаргая

УИХ-ын гишүүдэд зориулсан үзэсгэлэн гаргацгаая. Нэр нь “Бодит амьдралд тавтай морил”, эсвэл “Бид ингэж амьдардаг” ч юм уу. Үзэсгэлэнгийн үзмэрүүд юу байх вэ гэвэл тун энгийн. Эхлээд дээр нь огноо бүхий нүүрсний шуудайнуудыг эгнүүлэн үзүүлнэ. Эхний шуудай нүүрс нь 2000 оны үеийнх. Нүүрс авбал гэрт нь тэргээр хүргэж өгдөг байсан үеийг санагдуулам жинхэнэ шуудайтай нүүрс. Дараагийнх нь 2006 он гэх бичигтэй. Мэдээж нүүрсний шуудай багассан. Дараагийнх нь 2008 он. Шуудай бүр жижигхэн болсоор. 100-ийн шар уутнаас ч жижигхэн болчихсон байдалтай. Тэгээд үүнээс жижигхэн болсон өнөө цагийн шуудай нүүрсийг ч хажууд нь тавьчихья.

Дараагийн үзмэр бол ургамлын тос. Өнгөрдөг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн намын даргын хоолойгоо зангируулан байж “иргэд маань ургамлын тосыг шилээр нь ч авч чадахгүй байна” гэж хэлж байсныг санаж байна уу. Ардын амьдралын зовлонг хэлж байгаа нь хүртэл иргэдийгээ шилтэй савлагаатай оливын тос хэрэглэдэг гэж бодож байгаа нь тэр. Иймд ургамлын тосыг яаж граммлаж авдгыг нь харуулья. 50 грамм тос хэдэн төгрөгний үнэтэйг хэлж өгье. Мөн талхны үнэ ямар байдгийг олон гишүүд сонирхох байх. Үзмэрийн шилэн хоргонд атар талх хийчихээд доор нь үнийг нь бичье. Мэдээж махыг орхиж болохгүй. Дотор 10 мянган төгрөгт хүрснээс нь эхлүүлээд нэг килограмм махыг “1200 төгрөг”-нөөс хэд давсан үнэтэй байгааг харцгааг.

Үзэсгэлэн үзэж байгаа гишүүн бүрт “хоёр шартай усны тэрэг” нэгийг түрүүлээд явуулж бас болно. Мөн үзэсгэлэнг гадаа зохион байгуулж, хөлдүү мөсөн дээгүүр явуулж болох юм. Дараагийн үзмэр жинхэнэ янзтай. Эхлээд нэг гишүүнийг утасны бүхээг шиг хэмжээний хайрцагт оруулна. Дараагаар нь гаднаас нь түгжиж, урдаас бэлтгэсэн нүхээр утаа үлээж оруулна. Бүхээгэн дэх агаарын чанар яг Дэнжийн мянга, Шархадны эцсийн буудал орчмын агаарын агууламжтай адил болтол нь утна. Хахаж цацаж гарахаар амь тэмцэх нь мэдээж. Гэвч гаргахгүй. Харин бүхээгний гэрлийг унтрааж, дотор сонсогдох радиогоор амьдрал сайжирч, хийж бүтээж байгаа зүйл нь бүтэж буй тухай эсвэл өөрсдийнх нь өмнө өгсөн ярилцлагыг гаргаж сонсгоно. Бүхээгний агаарын хэмийг ч хасах руу аваачна. Бүхээгэнд байлгах хугацаа нь нэг чиглэлийн автобус хэдий хугацаанд ирж байгаагаар, эсвэл усанд очерлож зогсох хугацаатай адил байхаар автоматаар тохируулна. Энэ бүхээгт дараагийн гишүүнийг ч мөн нэмээд оруулаад байж болох юм. Яг автобусанд чихдэг шиг. Чихэлдэж агааргүйдээд явах, зам хаалгаад тусгай унаагаар зорчих ямар ялгаатайг мэдрэг. Гишүүдийг эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэж ялгаж өрөвдөхгүй, чихээд л оруулна. Тэд “гишүүний бүрэн эрхэнд халдлаа. Биднийг тамлахаа боль” энэ тэр гэж эсэргүүцэх л байх. Гэвч яг л өөрсөд шиг нь сонсоогүй царай гаргаж үзмэрийн зохион байгуулагчид маань өөдөөс нь инээмсэглэх хэрэгтэй.

Энэ мэтээр өдөр тутмын амьдрал ямар байдгийг харуулсан жижиг зүйлүүдээр үзэсгэлэн гаргавал өөр олон үзмэрүүд зөндөө л олдоно. Зөвхөн гишүүд ч гэлтгүй, амьдралаас тасарчихсан сайд дарга нарт ч урилга хүргүүлье. Ийм үзэсгэлэн нээе гэвэл зөвшөөрөл өгөх болов уу?

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж