Ноолуур ”ичиж”, ноос “инээх” цаг айсуй

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Ноолуур ”ичиж”, ноос “инээх” цаг айсуй

Нэгэн үе ноос шиг үнэгүй зүйл байгаагүй. Жил бүрийн зуны эхэн сард ёсыг бодож хонины ноосоо авдаг ч өнөөх нь үнэгүйдэж,  хотон дахь бууц, малын шивтэртэй холилдон хаягддаг байсан цаг саяхан.  Тэгвэл одоо ноосны салбар сэргэж, ноолуурыг ичээсэн ноосон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болжээ. Ноос, ноолуур бол уул уурхайн бүтээгдэхүүн шиг шавхагдаж барагддаггүй,  жилийн жилд хар аяндаа ургаж байдаг баялаг. Тиймээс ч нөгөө эдийн засгийг солонгоруулахад эдгээр малын гаралтай бүтээгдэхүүн онцгой үүрэгтэй гэдгийг   “Ноос ба ирээдүй” хэлэлцүүлгийн үеэр онцлов.

Монголын ноосны салбарт харъяалагддаг 300 гаруй үйлдвэр бий. Ноосыг хялгаснаас салгаж, самнаж ээрэхээс эхлээд ноосоор хивс, эсгий, гэрийн бүрээс, эсгий гоёл, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгтгэвэл ийм тоо гарна. Ганцхан жилд л гэхэд 16 мянган тонн ноосыг малчид зах зээлд нийлүүлдэг. Түүнийг ямар ч хаягдалгүйгээр ашиглах бүрэн боломжтой гэдгийг ҮХАА-ны газрын дарга Ц.Баярмаа ярьсан. Учир нь ноосоор дээр дурдсан олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна хаягдал хялгасыг нь барилгын дулаалгад ашиглах болжээ. Тиймээс ч ноосны салбарынхан ноолуур үйлдвэрлэгчдийн  далбаан доор сүүдрийн үйлдвэрлэл эрхлэгч байхаас залхаж, ноолуураас өрх тусгаарлах хүсэлтэй байдгийг хэлэлцүүлгийн уур амьсгалаас харж болохоор байлаа. Ноосыг зөвхөн органик байдлаар нь үйлдвэрлэлд ашиглахаас гадна орчин үеийн нано технологи ашиглан галд шатдаггүй, хорхой шавьж үүрэлэхээргүй, чийг даах чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөнгөн аж үйлдвэрийн салбарт онцгой үүрэгтэй салбар болохоор ноосны салбарынхан зорьж байна.

Зөвхөн хонины ноосноос гадна тэмээний ноос, сарлагийн хөөвөр гэсэн гадаад, дотоодод  эрэлт ихтэй түүхий эд бий. Өөр хаанаас ч нөхөхөөргүй эдгээр түүхий эдийг зөвхөн Монголын гэсэн шошготойгоор экспортод гаргах боломж байгааг ч ноосныхон өгүүлж байна. Тун удахгүй Монголд даавууны үйлдвэрлэл үүдээ нээнэ. Одоогоор Эрдэнэт хивсний үйлдвэрийн дэргэд үйл ажиллагаа явуулж буй даавууны үйлдвэрийг эс тооцвол дотооддоо даавуу үйлдвэрлэж чадахгүй байгаа. Социализмын үед жилдээ сая 200 метр даавуу үйлдвэрлэж байсан туршлагадаа тулгуурлан даавууг өнгө өнгөөр нь, төрөл бүрээр нь үйлдвэрлэх цаг хаяанд ирсэн гэж салбарын яамныхан хэлж байлаа.

 Саяхныг болтол бид ноосоо угаах самнахаас хэтэрдэггүй байсан бол одоо даавуу үйлдвэрлэх, цаашлаад ноосон  бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад экспортлох тухай ярьж эхэлсэн нь ноосны салбар хэрхэн ахицтай явааг харуулж байлаа. Хялгасыг нь арилгасан ноосон бүтээгдэхүүн ноолуураас ялгагдахааргүй хөнгөн, зөөлөн байгааг хэрэглэгчид сайшааж байгаагийн дээр ноосны салбарынхан ганцхан нийслэлдээ үйлдвэрлээд зогсохгүй хөдөө орон нутагт хүрээгээ тэлэхээр шан татчихаад байгаа гэнэ. Одоогийн байдлаар сум бүрт шахам эсгий, эсгий эдлэлийн үйлдвэр ажилладаг. Түүний дээр Дархан-Уул аймаг, Архангайн Хотонт сум, Завхан, Баянхонгор аймгуудад ноосны үйлдвэрийн парк байгуулахаар эхлэлээ тавьжээ. Ингэснээр ноос үйлдвэрлэгч малчдад ч , төдийгүй үйлдвэртээ түүхий эд нь хамгийн ойр, хямдаар хүрэх юм. Нэгэн үе айлын эхнэр бүр ноосон утсаар сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан даа. Ноосон цамц, малгай, бээлий, майк зэргийг гэрийн эзэгтэй нар сүлжээд хүүхдүүдээ гоёдог байсан даа. Тэгвэл ноос ээрэх, сүлжих үйлдвэрлэлийг дагаад жижиг сүлжмэлийн үйлдвэрүүд  сэргэж эхэлж байгаа юм байна. Өрх, хоршоодын хэмжээнд сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хувийн хэвшлийнхэн аяндаа хөгжүүлчих боломжтой гэж харж байгаа ажээ.

Монгол хонины ноос бүдүүн ширхэгтэй, ахархан байдаг муу талтай. Тиймээс хөдөө аж ахуйн эрдэмтэд уртавтар, нарийвтар ноосны үүлдрийг үржил селекцийн аргаар аль эрт гаргаж авсан. Гэтэл зах зээлд шилжих шуурганаар малын байтугай бодлого алдагдсан. Гэвч уртавтар ноост хонины үр удмыг авч үлдсэн малч ухаантай хүмүүс цөөн боловч байжээ. Түүний ачаар ноос сайт хонины үүлдрийг тусад нь бодлогоор өсгөн үржүүлж эхэлжээ. Энэ бүхнийг эцэст нь дүгнэхэд Монголын ноосны салбарын ирээдүй ямартай ч гэрэл гэгээтэй байна. Тэрхүү гэрэлд хүрэхэд түм буман бэрхшээл байгаа ч давж,  туулж, шавар шавхайг нь арилгаж л амжилтад хүрнэ шүү дээ. 

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж