Xалуун устай цэцэрлэг барьжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Xалуун устай цэцэрлэг барьжээ

Хөдөөд халуун устай цэцэрлэг барьж байгаа нь шинэчлэл юм

БШУ-ны яам энэ жил цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал, шинжлэх ухааны зориулалттай нийт 102 барилга ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх арваннэгдүгээр сард 20 орчим барилга ашиглалтад оруулснаар нийт өгөх ёстой барилгынхаа 90 хувийг  ондоо багтааж ашиглалтад өгөх боломж бүрдэж байгаа юм байна.

БШУ-ны яамны барилга захиалагчийн албаныхан өнгөрсөн өдрүүдэд Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудад ажиллаж нийтдээ таван барилга хүлээлгэн өгсөн юм. Тодруулбал,  Сэлэнгэ аймгийн Жавхлант, Алтанбулаг, Булганы Орхон сумдад тус бүр 75 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэг нээгдлээ. Орчин үеийн өнгө дизайн хослосон стандартын барилгатай болсондоо  багш хүүхдүүд төдийгүй орон нутгийн иргэд баяртай байна.


Алтанбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгч н.Болормаа “1970 онд ЗХУ-ын тусламжтайгаар хоёр бүлгийн зохион байгууллалттайгаар байгуулагдсан цэцэрлэгт өдгөө 150 гаруй хүүхэд сурч  байна. Харин өнөө жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг баригдаад  есдүгээр  сарын 1-нээс хүүхдээ хүлээж аваад байна. Хүүхдийн сурч хүмүүжих, багш ажилчдын ажиллах орчин нөхцөл бүрдсэн  энэхүү цэцэрлэг нь хүүхэд  багачууд тэдний эцэг, эх, нийт багш ажилчид бидний нэгээхэн хүсэл мөрөөдөл байсан. Мөрөөдөл биелэсэнд  баяртай байна” гэсэн юм. Тус цэцэрлэгт хамран сургах тойргийн 240 гаруй хүүхэд байдаг. Үүнээс 194 хүүхдийг  өдгөө  хамруулаад  байгаа юм. Үлдсэн нь алслагдсан багийн хүүхдүүд бөгөөд тэднийг   зун 6-7 сард хувилбарт сургалтаар гэр цэцэрлэгт  хамруулдаг байна.

Харин Жавхлант сумын хувьд 2000 гаруй хүн амтай. Сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 орчим хүүхэд байдаг. 1976 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа сумын  цэцэрлэг саяхныг хүртэл түрээсийн байр,  сургуулийн дотуур байрны булан дамжин өөрийн гэсэн байргүйгээр  сургалт хүмүүжлийн ажлаа  явуулж иржээ. Энэ хичээлийн жилд стандартын  шинэ цэцэрлэгтэй болсноор  хүүхдүүд нэг ангид олноороо шахалдахгүй, гадаа гарч бие засахгүй  ангидаа ариун цэврийн өрөөтэй тохилог орчинд сурч хүмүүжих боломж нээгдэж байгаа юм. 900 метр квадрат 75 хүүхдийн багтаамжтай Жавхлант сумын цэцэрлэгийг 550 сая төгрөгөөр барьжээ. Шинээр ашиглалтад орж буй тус  цэцэрлэгт  3 бүлгийн  110 хүүхэд хүлээж авч байна.

Жавхлант сумын засаг дарга С.Нямсүрэн “Сумын өнгө төрхийг чимсэн ийм сайхан барилга баригдсанд туйлын баяртай байна. Цаашдаа энэ цэцэрлэгийн үлгэрээр сумандаа бүтээн байгуулалтын ажил  хийхээр төлөвлөж байна. Энэ бол яах аргагүй шинэчлэл. Хуучин зүгээр л барилга босгоод орхидог байсан бол одоо хүний  ажиллаж амьдрах орчин  бүрдсэн,  тог цахилгаантай, худаг устай,  халуун устай, дотроо 00-той барилга  барьж өгсөн нь олон түмний эрэлт, хүсэлттэй нийцэж байгаа юм” гэж байлаа.

Дээрх хоёр цэцэрлэг есдүгээр сарын 1-ээс  шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол Булган аймгийн Орхон сумын багачууд өнгөрсөн баасан гаригт шинэ байрандаа нүүж орсон юм. Гадаа бие засах өрөөтэй хувинд нүүр гараа угаадаг байсан багачууд орчин үеийн шийдэл бүхий суултуурт бие засаж, халуун устай тосгуурт гар нүүрээ анх удаа угаах нь их л тааламжтай байгаа бололтой “Эндээс  ус гоожиж байна,  багшаа” хэмээн шулганалдаж бас суултуур дээр буруу хараад суучихсан  ариун цэврийн өрөөнөөс гарахгүй хэмээн  багш нараа сандаргаж байв.

Харин Төв аймгийн Жаргалант сумын сургууль шинэ дотуур байртай боллоо. Тус сургуульд 2013-2014 оны хичээлийн жилд 1100 орчим  хүүхэд суралцаж байна. Эдгээрээс  дотуур байранд  150 орчим хүүхэд амьдарч байна. Одоогийн ашиглагдаж байгаа дотуур байр нь 1964 онд  52 ортойгоор ашиглалтад  орж байжээ. 50 ортой шинэ дотуур байрны талаар сургуулийн захирал П.Дэндэв “Богино хугацаанд чанартай тохилог, орчин үеийн шийдлээр баригдсан байртай болсонд баяртай байна. Шинэ байранд  6 настай хүүхдийн болоод  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдрах орчин  нөхцөлд тохирсон ариун цэврийн өрөө тусгайлан тохьжуулж өгсөн нь одоо цагийн шаардлагад нийцсэн зөв ажил болсон. Үүнээс гадна эцэг, эх ирээд  хүүхэдтэй уулзах  уулзалтын өрөөтэй, хүүхэд хөгжих танхимтай  боллоо. Хэдийгээр шинэ сайхан барилгатай болсон ч 6000 орчим хүн амтай манай сумын хувьд хуучин дотуур байраа сэргээн засварлаж  дахин ашиглах хүсэлтэй байна” гэж байлаа.  50 ортой дотуур  байр 625 сая төгрөгөөр баригджээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  баригдаж буй зарим барилга хугацаандаа ашиглалтад орохгүй,  ихэнх нь төсөвт өртгөө нэмдэг  гэсэн хэл ам тасардаггүй. Тэгвэл Сэлэнгэ аймгийн спорт  цогцолборын  хувьд хугацаанд нь өгч чадаагүй ч анх хэлсэн үнээрээ  барьж  дуусгана гэдгээ гүйцэтгэгч компанийнхан амлаж  байна.  Спортын гэсэн тодотголтой ч биеийн тамирын заалгүй тус сургуулийн хүүхдүүд биеийн тамирын хичээлээ гадаа ордог байжээ. Ажил төлөвлөснөөрөө явсан бол хүүхдүүд  энэ жил биеийн тамирын танхимтай  болох байлаа.Шалтгаан нь газрын маргаанаас  болж цаг алдсан байна. 

Алдрай бацхан хүүхдүүдийн сурч боловсрох орчин дутмаг гэсэн асуудлыг ийнхүү шинэчлэлийн засгийн газар БШУЯ бага багаар  шийдвэрлэж  эхэлж байна. Энэ эрчээрээ  ирэх онуудад чамгүй олон барилга сүндэрлүүлж хүүхэд багачуудыг  өсч хүмүүжих орчноор дамжуулан  зөв хүн  болгон хүмүүжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Хүүхэд насны өсч торних хамгийн таатай орчин бол цэцэрлэг, сургууль юм. Тиймээс  өнөөдрийн  орчин нөхцлөөс  бидний ирээдүй шалтгаална.

Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж