2013 оны төсвийн алдагдал таван хувиас давсан гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

2013 оны төсвийн алдагдал таван хувиас давсан гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар яг одоо Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ний хоёр хувиас давсан нөхцөлд тодотгол хийх үү. Өөрөөр хэлбэл, 2-2.99 хувийн алдагдал гарсан нөхцөлд төсөвт тодотгол хийх нөхцөл үүсэх үү. Мөн энэ онд төсвийн орлого тасарсан нь эдийн засагт үүссэн нөхцөл байдлыг  урьдчилан тооцох боломж байгаагүйтэй холбоотой юу. Үүнийг Сангийн яам юу гэж үзэж байна вэ гэдэгт хариулт өгөхийг хүссэн юм.

Сангийн яамны холбогдох албан тушаалтны тайлбараар бол улсын төсвийн алдагдал ДНБ-ний 2.99 хувьд хүрсэн нөхцөлд тодотгол хийхгүй. Гурав буюу түүнээс дээш гарсан нөхцөлд тодотгол хийхээр хуульчилсан байдаг. Одоогийн нөхцөлд төсвийн алдагдал ДНБ-ний таван хувийг давсан байгаа учраас тодотгохоос аргагүй аж. Үүнд гадаад болоод дотоод нөхцөл байдал нөлөөлсөн. Тухайлбал, төсвийн орлого энэ онд 15 хувиар буурсан, экспорт 50 хувиар мөн буурсан нь гадаад эдийн засгийн нөхцөл байдал муудсанаас гадна улстөрийн шийдэл нөлөөлсөн гэсэн тайлбар хийлээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж