Ш.Сайхансамбуу ҮАБЗ-ийг буруутгав

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуу ҮАБЗ-ийг буруутгав

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захын хэсэг шатсанаас хойш хоёр сар өнгөрлөө. Гэсэн ч галын дүгнэлт одоо хүртэл эцсийн байдлаар гараагүй байгаа билээ. Түрээслэгчид саяхан хэвлэлийн хурал зарлаж, “Нарантуул захын түрээслэгчид хохирлоо хэтэрхий өндөр үнээр үнэлсэн” гэх мэдээллийг няцаахын сацуу хурдан ажлын байр маань бэлтгэж өгөөч гэсэн саналыг захын удирдлагууддаа хүргүүлээд байгаа гэх.

Тэгвэл “Нарантуул” зах шатсанаас хойш чимээгүй байсан УИХ-ын гишүүн асан, тус  худалдааны төвийн эзэн, ноён Ш.Сайхансамбуу гал гарсан хэргийн талаар ам нээжээ.

Тэрээр “Нарантуул” захад гарсан галын шалтгааны талаар “130 метр урттай, 70 метр өндөртэй том павильон Улаанбаатарт манайхаас өөр газар байхгүй. Тэгвэл энэ том битүү байшин ердөө 18 минутын дотор шатчихсан… Сүүлд павильонд байсан X цайны газрын орчмоос гурван ширхэг ака бууны сумны хонгио олдсон. Цэнхэр дээврийг зад буудаад дээшээ гарчихсан байсан. Газ тэгж дэлбэрэхгүй. Дээвэрт 20 гаруй см-ийн хэмжээтэй нүхнүүд гарсан байсан. Ийм асуудал байгаа учраас галын дүгнэлт удаж байгаа болов уу” хэмээн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа  дурдсан байна. 

Ийнхүү нэг талаар өөрөө хохирогч, нөгөө талаар хохирогчдод өр төлбөр төлөх болоод байгаа Ш.Сайхансамбуу “Нарантуул” захын галын шалтгааны талаар өөрийн бодлоо хэллээ. “Цахилгааны холболтын саатал үүрээр гарахгүй” гэсэн дүгнэлт гаргаад буй тэрээр галын шалтгааныг хүүхэд, нохойн доог шиг хөгийн дүгнэлт гарах юм бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана хэмээн томорчээ.

Зах нь шатсан талаар УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу түрээслэгч болон гэрчүүдийн мэдүүлгээс авсан мэдээлэлтэй байгаагаа сонинд өгсөн ярилцлагадаа хэлээд, “Манай нэг түрээслэгч тэр өдөр дотогшоо нэг үхрийн гуя оруулж тавьчихаад машинаасаа дахиад мах авах гээд гарч ирэх үед маш хүчтэй чимээ гурван удаа сонсогдсон байна лээ. Тэр дуунаар буцаад гүйгээд очтол дотор бөөн утаа униар болчихсон гал асч байсан гэж байгаа” гэжээ. Мөн Монголын борчуудын цуглаж, амьдралаа залгуулдаг ганц захыг шатаачихаад байхад яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байгааг буруушаасан байна. Учир нь “Нарантуул” олон улсын худалдааны төв хамгийн олон ажлын байрыг бий болгосон. “Эрдэнэт” үйлдвэр зургаан мянган ажлын байртай гэдэг бол “Нарантуул” түүнээс олон ажлын байртай гэж эрхэм экс гишүүн үзэж байгаа аж. Галын хэргийг  Үндэсний аюулгүй байдлынхан хэлэлцэх ёстой гэсэн Ш.Сайхансамбуугийн байр сууриас харахад "Нарантуул"-ын хүнсний зах шатсан нь үндэсний аюулгүй байдалд  нөлөөлөх "том" үйл явдал гэж бодож байгаа бололтой.  900 түрээслэгчийн болон Ш.Сайхансамбуугийн асуудал болохоос "Нарантуул"-ын галаас болж нийт монголчуудын үндэсний эрх ашиг зөрчигдөж байна гэвэл юу л бол.

Ямартай ч “Нарантуул”-ын босс өөрийнхөө “галын дүгнэлт”-ээ ийнхүү хэвлэлээр цацав. 

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж