Хар энерги, хар матер байдаггүй байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Хар энерги, хар матер байдаггүй байж магадгүй

Хар матер, хар энерги хоёр бол хамгийн санаанд багтамгүй, орчлонг бүрдүүлэгч элементүүд гэж зарим эрдэмтэд үздэг. Энэ онол анх дэвшигдсэнээс хойш зарим астрономчид үүнийг тодруулах гэж хүч хөдөлмөрөө зарцуулсан бол зарим нь ийм зүйлс байдаггүй гэдгийг батлах гэж оролдож байна. Энэ талаар сүүлд хийсэн судалгаа, телескопын тандалтан дээр үндэслэн эрдэмтэд ерөөсөө ийм зүйлс орчлонд огт байдаггүй байж магадгүй гэсэн дүгнэлт хийгээд байна. Гэсэн ч бусад эрдэмтэд одоо баримталж байгаа үзэл бодлоосоо тийм ч амархан няцахгүй бололтой бөгөөд бид үүнд яаж ч хандлаа гэсэн орчлонд хар матер гэж бий гэж ярьж байна.

Орчлонгийн нийт масс-энергийн 22 орчим хувийг хар матер бүрдүүлж байгаа гэдэг нь ердийн матер, од, галактикуудын жингээс хамаагүй их юм. Хар материйг шууд харж ажиглах боломжгүй ч түүний эргэн тойрондоо үзүүлж буй татах хүчний нөлөөллөөр ажиглаж болно гэж үздэг. Хар материас гадна хар-энерги гэгч зүйлс орчлонгийн эрчим хүч-массны 74 орчим хувийг бүрдүүлж байна гэж эрдэмтэд үзэж байна. Энэ хүч орчлон гадагшаа асар хурдацтай тэлэхэд нөлөөлж байна. (Ердийн матер орчлонгийн дөрөвхөн хувийг бүрдүүлж байна гэсэн үг юм)

Орчлонгийн хэдэн хувийг ямар матер бүрдүүлж байна вэ гэдгийг хэмжихийн тулд эрдэмтэд Их Тэсрэлтээс хойш үлдсэн гэрлийн тусгал хэр тод, бүдэг байгааг хэмжих замаар тодруулахаар олон улсын эрдэмтэд оролдож байгаа юм. 2009 онд Европын сансар судлалын агентлаг Планк сансрын хөлөг хөөргөсөн бөгөөд одоо илүү нарийвчлалтай өгөгдөл хүлээж авч эхлээд байна. Тэндээс ирсэн өгөгдлүүдийг судлах замаар илүү нарийвчлалтай дүгнэлт гаргах боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж