Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Энэ хүнийг Д.Сугар гэдэг.  Өвөрхангайн Өлзийтэд 1956 онд төрсөн. Хужирт сумын 10 жилийн сургуулийг 1975 онд дүүргээд, улмаар ЗХУ-ын Эрхүүгийн Их сургуулийг 1981 онд дүүргэж хуульч мэргэжил эзэмшсэн. 1981-1987 онд Сэлэнгэ аймгийн захиргаанд хэлтсийн дарга, Хууль зүйн яаманд Хэлтсийн дарга, 1992-1996 онд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд, Арбитрын хэлтсийн дарга, 1996-2000 онд ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдсон. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа.

Энэ хүний талаар олон цуврал бичих тул түүнийг уншигчиддаа арай дэлгэрэнгүй танилцуулах нь зөв биз ээ.

Намтраас нь ажвал төрийн өндөр албыг тасралтгүй хашсаар ирсэн байна. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутгийн дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ. Түүнээс өөрөөр Д.Сугарын албан тушаалын “график” тасралтгүй өссөн дүн харуулах ажээ. Нөгөөтэйгүүр тэр өөрөө хуульч, дээрээс нь Монголын хууль зүйн бодлогыг тодорхойлогчдын нэгэнд зүй ёсоор тооцогдохуйц албан тушаалд ажилласаар иржээ.

Гэвч энэ хугацаанд Д.Сугар хуулиас гадуур яаж амьдрах вэ, хариуцлагаас хэрхэн бултах вэ гэдэгт нэвтэрхий сайн суралцсан нэгэн юм. Учир нь Д.Сугар дэндүү арвин намтартай. Төрийн өмчийн хорооны даргаар долоон жил ажиллахдаа намтраа нэлээд зузаалж авсан байдаг. Сүүлийн үед дуу авалцан шалгуулж, шийтгүүлж байгаа авлигын, мөнгө угаалтын том хэргүүдэд түүний нэр яаж ийгээд л хавчуулагдана. Бүр барим тавим баримттай хэр нь л тэр сугарч үлдсээр л байна. Хэр зэрэг удаан ингэж “амьдрах”-ыг тэнгэр л мэдэх биз.

Цувралаа Д.Сугарын нэр хаашаа ч зайлах аргагүй холбогддог нэг том хэргээс эхэлье. Тэр бол МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэг. МИАТ-ийн захирал асангууд өнөөдөр олон жилийн хорих ял шийтгүүлснээ эдэлж буй. Харин мань Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэсэн маш зузаан бамбайтай. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг юм гэдгийг Д.Сугар ёстой л мэдрүүлж байна. Хөөрхий, улсын прокурорынхон Д.Сугарыг хоёр ч удаа “сугалах” гээд барсангүй. Цэцийн гишүүдийн дүгнэлтээр Д.Сугар бол хуулиар хамгаалагдсан “үнэт эрдэнэ” ажээ.

МИАТ-ийн хэрэгт шийтгүүлсэн гурван захирлыг Д.Сугар томилжээ. Б.Эрдэнэбилэг 2006 оны тавдугаар сарын 11-нээс 2009 оны зургадугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Дайны эрсдлийн сан нэрээр зорчигч бүрээс таван ам.доллар суйлдаг хэрэг түүний үед эхэлсэн байдаг. Энэ гэрээг үргэлжлүүлсэн хүн нь 2009 оны гуравдугаар сарын 13-наас 2010 оны тавдугаар сарын 26-ныг хүртэл МИАТ-ийн захирлаар ажилласан Р.Бат-Эрдэнэ. Түүнийг Солонгост томилолтоор ажиллаж байхад нь ТӨХ-ны дарга Д.Сугар дуудаж авчран хурлаар оруулж, МИАТ-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Д.Сугарын томилсон сүүлийн захирал нь болох Ц.Орхон Дайны эрсдлийн даатгалын гэрээг мөн л үргэлжлүүлсэн. Тэр 2010 оны тавдугаар сарын 27-оос 2012 оны арванхоёрдугаар сарын 1 хүртэл МИАТ-ийн захирлаар ажилласан.

Гурван захирлын шүүх хурал дээр өгсөн мэдүүлэгт Д.Сугарыг барьж өгсөн мэдээлэл бараг байхгүй. Гэхдээ Б.Эрдэнэбилэг “…2007 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр санхүүгээр дамжиж нэхэмжлэл ирсэн. Ерөнхий нягтлан Баясгаланд үүрэг өгсний дагуу шалгаад, энэ компани байдаг юм байна. Гэрээ хийгдсэн байна. Ийм зарчмаар явагддаг юм байна гэж надад тайлбарласан. Үүний дагуу уг гэрээг 2001 оны арваннэгдүгээр сарын 26-ны орчим байхаа, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Баярсайхан тушаал гаргаж, зорчигч болгоноос таван ам.долларыг энэ компанид орлого болгон авч гэрээг хийдэг гэж би ойлгосон.Шалгаж үзээд 2007 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлэг хийсэн…” гэжээ. Хэн энэ гэрээг хийсэн юм гэдгийг тэр хэлсэнгүй. Харин ямар ч байсан гэрээг үргэлжлүүлэх ёстой, мөнгийг шилжүүлэх ёстой гэсэн хатуу итгэлтэй байсан нь хэн нэгэн “дээд” хүний зааварчилгаа, тушаал байсныг илэрхийлж буй хэрэг хэмээн учир мэдэх хүмүүс дүгнэжээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.


Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж