Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Өвөл боллоо. Анхны цас аль эрт хаялсан ч өнөөдөр яг жинхнээсээ өвөл болж, дулаан хүрэм, ноосон ороолтондоо шургаллаа.

Өвөлд би дуртай. Цав цагаан. Хаашаа ч харсан хир толбогүй цагаан өвөл цасаараа ертөнцийг угаадаг. Гудамж цав цагаан, цэв цэвэрхэн. Сэтгэлээ ч гэсэн тэдэн шиг угаалгачихсан юм шиг санагдах.

Өвөл тэр чигээрээ бага насны минь дурсамж. Би одоо цанаар, тэр байтугай чаргаар ч гулгахаас айдаг. Томрох тусам үйл хөдөлгөөний, үг үйлдлийн, амьдралын айдсууд намайг нөмөрчээ. Харин бага байхад яг энэ цас шиг ямар ч айдасгүй, ямар ч эргэлзээгүй, ямар ч толбогүй… Ядаж л би гулгахдаа айдаггүй байсан. Гэрийнхээ ар талын өндөр уулан дээрээс өмнө минь ямар саад, ямар чулуу байгааг огт бодохгүйгээр цагаан цасыг хуйлруулан, чарганыхаа хамгийн хурднаар салхи татуулан шуугих дуртай байлаа. Тэгж уруудсаар юу  таарснаа мөргөж унаад, нүүр нүдгүй цас болоод босч ирэхдээ их л аз жаргалтай байдагсан. Одоо бодоход яагаад тэгж их цасанд булхаж, цасаар байлдаж, чарганаасаа унах дуртай байсан юм бол оо… Хүүхэд л болохоор тэгж чин үнэнээсээ цастай найзалдаг, цасанд хайртай байсан байх.

Манай ангийнхан дунд ангид байхдаа уулан дээрээс чаргаар уруудахаа болиод, “мөсөн” уулнаас буудаг болсон юм. “Усан оргилуур”-тай уул гэж нэрлэдэг байсан тэр уулын өвөр өвөлдөө тэр чигтээ мөстөж, бэлэн тоглоомын талбай болчихдог байв. Тэр мөсөн дээр манай сургуулийнхан бараг тэр чигтээ өнждөг байсан гэхэд болно. Тэр үеийн сурагчид том том Орос цүнх барьдаг байсан даа. Хөвгүүд бол хүрэн ширэн богцтой. Тэр цүнхнүүд маань ямар ч бөх байсан юм, бүтэн өвөлжин дээр нь гулгахад яадаг ч үгүй л байсан санагдана.

Цасаар байлдана… Цасаар байлдах нь охидын хамгийн их айдаг хэрнээ, хэзээ ч хаширлаж чаддаггүй шоглуулдаг тоглоом байлаа. Нүүрээ улаан болтол, хорстол, халтайтал хүйтэн цасаар угаалгасан бидний зарим нь уйлна. Зарим нь гомдоно. Бөөн л юм болдог мөртлөө хөвгүүд ч, охидууд ч цасаар угаах, угаалгах тэр шоглоомоо больдоггүй байсан. Бараг хэн хэний нүүрийг эхэлж цасаар угааснаараа, хэн хэнийг хөвгүүдийн цасны довтолгооноос хамгаалснаараа хүүхэд насны гэнэн хайр, шохоорхлын гал асаалцаж явсан ч юм билүү, тэр цаснаар.

Нээрэн, цаснаар л бид залхуурахгүй, нозоорохгүй, бас хоорондоо татагдан хамгийн их тоглодог байжээ. Хүйтэн болохоор, харанхуй эрт болдог болохоор дандаа хамтдаа явж, бие биенээ гэрт нь хүргэж, бээрсэн гарыг нь дулаацуулж өгдөг байж. Өвөл хүйтэн юм шиг боловч хүмүүсийг ингэж ойртуулдаг. Тийм болохоор би өвөлд хайртай. Хүмүүс өвөл биесээ илүү хайрладаг, хэн нэгэнд илүү халамж өгдөг.

Цаснаар… Одоо ч гэсэн цаснаар, жавартай ч гэсэн өвлөөр хацраа хайрагдтал алхаж, цасан ширхэгтэй тоглохыг хүсч байна. Өнөөдөр орсон цасанд, өвлийн "жинхэнэ" цасанд сэтгэл их догдолж байх чинь…

Б.ИРМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж