Налайхын нүүрс эрэлттэй байна | News.MN

Налайхын нүүрс эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Налайхын нүүрс эрэлттэй байна

Өнгөрсөн
шөнө орсон цас Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг өвөлдөө
бэлтгэхийг анхааруулсан дохио болов. Хүйтний улирал хаяанд ирж буй энэ
цаг мөчид түлээ түлшний үнэ ямар байгааг сонирхлоо.

Монгол Улсын
Засгийн газраас өнгөрсөн жилээс эхлэн  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж,
гэр хорооллынхныг хямд нүүрсээр хангах бодлого барьж буй. Энэхүү
хөтөлбөрийн хүрээн Багануурын нүүрсийг зах зээлээс хямд үнээр иргэдэд
борлуулж байгаа юм. Тиймээс түлээ нүүрсний захуудад зарж байгаа
Багануурын нүүрс хамгийн хямд байна. Нүүрс төслийн хүрээнд борлуулж буй
40 кг-аар савласан шуудай нүүрс 3200 төгрөгийн үнэтэй. Харин тонн нь 80
мянган төгрөгийн үнэтэй байна. Багануурын нүүрсийг хэрэглэгчид “Утаа,
тортог ихтэй” гэж муулдаг ч Улаанбаатарт байгаа хамгийн хямд нүүрс учир
авахаас аргагүйд хүргэдэг гэнэ. “Гуймхай байж голомхой” гэдэгчлэн голсон
ч Багануурын уурхайн нүүрс Улаанбаатарт хамгийн эрэлттэйд тооцогдож
байна.

Багануурын нүүрс яг уурхай дээрээ 37600 орчим төгрөгийн
үнэтэй байна. Мөн Багануур дүүрэгт Улаанбаатар хотод 6500-7000 төгрөгөөр
зарж буй шуудай мод 3500-4000 мянган төгрөгөөр худалдаж байгаа гэнэ.
Тэгэхээр Багануур нийслэлийн хамгийн хямдхан үнэтэй түлээтэй дүүрэг байх
нь ээ.

Багануурын нүүрснээс Налайхын  нүүрс  арай илүү үнэтэй
байна. Налайхын нүүрс тортог утаа бага, илч чанарын хувьд сайн гэнэ.
Улаанбаатарт Налайхын нүүрс уут нь 3500-4000 төгрөгийн үнэтэй байна.
Харин Цайз зах дээр Портер Налайхын нүүрс 220-250 мянган төгрөгийн
үнэтэй байна. Налайхаас нүүрс ачиж, Улаанбаатарт борлуулдаг ченжүүд
Портер маркийн автомашиндаа ачсан нүүрсээ авах хүн хаа хүрэхээс
шалтгаалан үнээ нэмж, хасдаг юм байна. Хэрвээ Цайз захтай ойрхон бол 210
мянган хүртэл үнийг “ярина” гэнэ. Харин Баянхошуу, Баруунсалаа, Толгойт
руу хүргүүлэх бол 270 орчим мянган төгрөг болох аж. Учир нь эдгээр
газрууд хол, түгжрээн дунд түлшээ баран очоод, уулын оройд шахам буусан
айлуудад нүүрсээ хүргэх нь жолоочид хүндрэлтэй байдаг гэнэ.

Хамгийн
үнэтэй нүүрс Алаг толгойнх байна. Алаг толгойн нүүрс Амгалангийн
борлуулах цэг дээрээ тонн нь 100 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна.
Харин Алаг толгойн нүүрсээс илүү чанартайг нь манай улс БНХАУ руу 80
гаруй мянган /50 ам.доллар/ төгрөгөөр экспортолж байгаа билээ.

Өнгөрсөн
жилийн Алаг толгойн нүүрс чулуу, цэвдэг ихтэй байсан бол энэ жилийн
харьцангуй сайн байгаа гэнэ. Алаг толгойн нүүрсийг илчтэй, утаа тортог
багатай гэж хэрэглэгчид ам сайтай байна. Цайз зах дээр нэг Портер Алаг
толгойн нүүрс ойролцоогоор 270-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Портер
автомашиндаа нүүрсний борлуулагчид 2,2-2,5 тонныг ачсан гэж падаанаа
үзүүлж байлаа. Мөн л хол ойр явахаас шалтгаалан, нүүрсний үнийг “ярина”.

Харин Цайз захад мод куб метр нь /бид нэг гүүб мод гэж ярих нь
бий/ 100 мянган төгрөгийн үнэтэй байна. Модыг зөвхөн хөрөөдөөд тавьсан
үнэ 100 мянган төгрөг. Хэрвээ хагалуулахыг хүсвэл 30-50 мянган нэмж
төлөх шаардлагатай гэнэ. Харин шуудай мод 3500 орчим төгрөгийн үнэтэй
байна. Олноор нь авбал 3200 төгрөг болтол ярина гэж байна. Нүүрс, модыг
зарахдаа тодорхой заасан хэмжээтэй уутанд савлахаар болсон. Ингэснээр
бидний сайн мэдэх 1500 орчим төгрөгийн үнээр зарагддаг байсан жижигхэн
ууттай нүүрс цөөн харагдаж байна. Харин ийм жижиг хэмжээтэй ууттай мод
1500-1800 төгрөгөөр зарагдаж байгаа харагдлаа. Мод, нүүрсийг 25 кг-ийн
гурилын шуудайтай дүйцэхүйц хэмжээний уутанд савлахаар болсон. Ингэснээр
1500-2000 төгрөгөөр зарагддаг нүүрс, мод 3500-4000 мянган төгрөгийн
үнэтэй зарагдах болжээ. 

Б.БИЛЭГ


0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж