Төсвийн тодотголыг байнгын хороо дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.22-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг байнгын хороо дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, эхлээд Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгээс гадна тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамрагддаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох ажилтнууд оролцов.

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжсэн тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхэр болов. Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулахтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс удаа дараа санал гаргаж, шүүмжлэлтэй хандаж байсан юм. Иймээс эдгээр асуудлыг судалж дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулж байгуулахаар байнгын хорооны тогтоолын төсөл боловсруулжээ. Ажлын хэсгийг гишүүн Сү.Батболд, Су.Батболд, М.Батчимэг, Н.Батцэрэг, Р.Бурмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн холбогдох ажилтнуудыг оролцуулахаар төсөлд тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн гишүүд ажлын хэсэг Монгол Улсын хөгжлийн хэтийн төсөөлөл, бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, батлагдсан хууль, тогтоомжийн уялдаа, хэрэгжилтийг хангах, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын бодлогыг төрийн байгууллагууд хэрхэн уялдуулан ажиллаж байгааг судлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар тусгасан нь хэт өргөн хүрээг хамрахаар байгаа, байнгын хорооны эрхлэх асуудлын чиг үүрэгтэй төдийлөн холбоогүй асуудлууд туссан тул томъёоллыг эргэж харах, дэд ажлын хэсгийг тусад нь зааглаж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Иймээс ажлын хэсэг нь төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэгтэй уялдуулж ажлын уялдаа холбоог хэрхэн сайжруулах чиглэлээр судалж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллах, дотроо ажлын дэд хэсэгтэй байхаар тогтоолын төслийн томъёоллыг засаж найруулахаар тогтож, төслийг баталснаар байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж