“Шинэ үеийн нягтлан бодогч” онлайн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

“Шинэ үеийн нягтлан бодогч” онлайн тэмцээн болно

Шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, аудитийн тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ой, Санхүүчдын баярын өдөр удахгүй тохиох гэж буй. Үүнийг тохиолдуулан “Новасофт” ХХК-ийн санаачлагаар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Шинэ үеийн нягтлан бодогчид” нээлттэй онлайн тэмцээнийг зохион байгуулахаар болсон бөгөөд энэ талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Нягтлан бодогчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль, тогтоомж, журам, стандартын талаарх мэдлэгийг шалгах, нягтлан бодогчийн мэргэжлийн нэр хүндийг өсгөх зорилгоор ийнхүү нээлттэй, онлайн тэмцээнийг зохион байгуулах ажээ.

 Тэмцээн 2013 оны 11 дүгээр сарын 23-ны 11.00 цагт орон даяар эхлэх бөгөөд тэмцээн www.baaz.mn сайтад хоёр үе шаттайгаар болох юм байна. Тодруулбал, эхний шатанд оролцогчдын мэдлэгийг тестээр шалгах ба хамгийн өндөр оноо авсан эхний 50 оролцогч хоёрдугаар шатанд оролцох эрхтэй болох ажээ. Хоёрдугаар шатанд санхүү, бүртгэлийн чиглэлээр онлайн систем дээр өгсөн өгөгдлийн дагуу санхүүгийн тайлан гаргах хэлбэрээр явагдах юм байна.

Тэмцээн болох “BAAZ”-санхүү, бүртгэлийн онлайн систем нь сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “Үүлэн” тооцоололд суурилсан жижиг, дунд аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандарт болон Монгол Улсын хууль, журамд нийцсэн байдлаар хөтлөн явуулахад зориулагдсан иж бүрэн цогц систем болох тухай Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтаас онцоллоо.

Бүртгэл 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 22-ны хооронд болох бөгөөд тэмцээнд оролцохыг хүсэгчид www.baaz.mn сайтад бүртгүүлэх юм байна.

Шагнал:

-Нэгдүгээр байр: Өргөмжлөл, хоёр сая төгрөг, “BAAZ” системийг ашиглах нэг сая төгрөгийн эрх

-Хоёрдугаар байр: Өргөмжлөл, нэг сая төгрөг, “BAAZ” системийг ашиглах нэг сая төгрөгийн эрх

-Гуравдугаар байр: Өргөмжлөл, таван зуун мянган төгрөг, “BAAZ” системийг ашиглах таван зуун мянган төгрөгийн эрхээр тус тус шагнах ажээ.

Энэхүү онлайн тэмцээнд мэргэжлийн нягтлан бодогчид, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутан, суралцагчид оролцох бөгөөд цаашдаа жил бүр зохион байгуулж байхаар болжээ. Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.baaz.mn дарж харах боломжтой.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж