Хөрөнгийн биржийн итгэмээргүй арилжаа

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийн итгэмээргүй арилжаа

-МХБ түүхэндээ анх удаа тэрбумаар тоологдох арилжаа хийжээ-

Монголд санхүүгийн, тэр дундаа хөрөнгийн зах зээл үүсч, хөгжөөд 22 гаруй жилийг ардаа орхисон нь бусад улс, оронтой харьцуулахад, нэн “залуудаа” тооцогдоно. Энэ хугацаанд Монголын санхүүгийн системийг долгилуулах багагүй үйл явдал болсоны дунд арилжааны банкуудын ээлжит дампуурал байлаа. 1990 оноос хойш  Төв банкнаас 35 банкны лиценз өгсөн гэж ярьдаг бөгөөд одоогийн байдлаар 13 банк үйл ажиллагаа явуулж байна гэхээр 20 гаруй банк энэ хугацаанд татан буугдсан, эсвэл бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлтөд орж, хоорондоо нийлсэн байх нь. Хамгийн сүүлд та бидний сайн мэдэхээр “Хадгаламж” банк өөрийн актив хөрөнгө дутагдалтай байж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсоноос Төрийн банкинд нэгтгэгдсэн явдлыг нэрлэж болно.

Нөгөө талдаа хөрөнгийн зах зээл сүүлийн хэдэн жилийн хугацаанд багагүй шүүмжлэлд өртсөн. Гадны туршлагыг “нутагшуулсан” гэх “Миллениум Ай Ти” систем Монголын хөрөнгийн биржид нэвтрээд жил гаруйг үдсэн ч арилжаа улам хумигдах боллоо гэж зарим эдийн засагчид шүүмжилдэг. Өдөрт 10-40 сая төгрөгийн дундаж арилжаа хийдэг болон арилжааны цар хүрээг бодсон ч тэр, гадны биржүүдтэй харьцуулахад бэрх байгаа.

Тэгвэл Монголын хөрөнгийн бирж түүхэндээ анх удаа тэрбум төгрөгөөр тоологдох арилжааг өнөөдөр хийсэн байна. Хэн бүхэн сонсоод тэрбум аа? Сая биш үү гэж лавлаж асуумаар тийм л арилжааны мөнгөн дүн сонсогдлоо. Тодруулъя.

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /10 дугаар сарын 21/ 4579 тоот арилжаагаар нийт 17 компанийн 47 тэрбум, 533 сая, 581 мянга, 310 төгрөгийн арилжаа хийлээ. Ингэхдээ А самбарт 12 компанийн 19,567,895 төгрөгийн 9,301 ширхэг хувьцааг, Б самбарт дөрвөн компанийн 684,345 төгрөгийн 808 ширхэг хувьцааг арилжсан байна. Харин багцын арилжаагаар нэг компанийн 47 тэрбум, 513 сая, 329 мянга, 70 төгрөгийн 14 сая 710мянга гаруй ширхэг хувьцаа арилжсан нь ийнхүү анхаарлыг татлаа. Багцын арилжаа гэдэг нь ХК-ийн нийт гаргасан үнэт цаасны тав буюу түүнээс дээш хувийн эсвэл 250 сая төгрөгөөс дээш арилжаагаар илэрхийлэгдэх бөгөөд энэ хэмжээний арилжаа хийсэн хувьцаа эзэмшигчийг багц эзэмшигч гэдэг юм байна.

Нүдэндээ ч итгэмгүй энэхүү багцын арилжааг тэрбумд хүргэсэн хувьцаа “АПУ” ХК-ийнх байсан бөгөөд нэг хэлцлээр худалдаж авчээ.  Өөрөөр хэлбэл, 47 гаруй тэрбум төгрөгийн хувьцааг  ийнхүү ганц хүн эсвэл хуулийн этгээд багцын арилжаагаар хийжээ. Энэ талаар Монголын хөрөнгийн биржээс тодруулахад “Багцын арилжаагаар түүхэндээ анх удаа нэг компани тэргүүлж, хамгийн их үнийн дүн бүхий арилжаа боллоо. Арилжааны үнийн дүн, хувьцааны тоо, ширхэг бирж дээр тоон мэдээллээр гарах боловч хэн гэдэг хүн эсвэл хуулийн этгээд хувьцааг худалдаж авсан талаарх мэдээлэл бидэнд байхгүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Тэгэхээр гэв гэнэт нэг хэлцлээр арилжаа 47 тэрбумд хүрсэн нь нэг хүн эсвэл хуулийн этгээдээс шалтгаалсан гайхам хэрэг явдал боллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж