Рэймонд далайн шуурга Мексикт тулж ирэв

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Рэймонд далайн шуурга Мексикт тулж ирэв

Номхон далайд дэгдсэн Рэймонд нэртэй догшин шуурга Мексикийн Акапулько хотын эрэгт тулж иржээ. Майамигийн хар салхи судлалын төвөөс мэдээлснээр Рэймонд далайн шуурганы хүч улам нэмэгдсээр хоёрдугаар түвшинд хүрээд байгаа бөгөөд ойрын хоёр хоногт Мексикийг ниргэх гэнэ. Одоогийн байдлаар Рэймонд далайн шуурганы салхины хүч 250 км/цагт хүрч нэмэгдэн, дайрсан газрууддаа 15 см хүртэлх хэмжээний хур тунадас оруулаад байгаа аж. Түүнчлэн Мексикийн Засгийн газраас хүчтэй далайн шуурганы бүс дэх өмнөд хэсгийн Чьяпас мужаас баруун хэсгийн Жалиско хүртэлх бүс нутагт түгшүүр зарлан, шаардлагатай нөхцөлд иргэдийг даруй нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэжээ.

Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард Мексикийг Мануэл, Ингрид гэх хар салхи, далайн шуурга ниргэсний улмаас 150 гаруй хүн амь үрэгдэж, зургаан тэрбум орчим ам.долларын эдийн засгийн хохирол учирсан байна. Түүнчлэн хар салхи, далайн шуурганы гамшгийн дараа үүссэн нөхцөл байдлын уршгаар Мексикийн хүн амын дунд халдварт холер өвчний 170 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж