Мексик тагнаж, туршсан хэрэгт дургүйцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Мексик тагнаж, туршсан хэрэгт дургүйцлээ илэрхийлэв

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба (NSA)-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл Эдвард Сноуденээр дамжин задарснаас Нэгдсэн улсын гадаад харилцаанд багагүй үл ойлголцол үүсээд байгаа билээ. Үндэсний аюулгүй байдлын агентлаг Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русеф болон Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето нарын  захидал, харилцааг тагнан шүүж байсан тухай мэдээлэл задарснаас Бразилийн эрх баригчид АНУ-ын эсрэг хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн. Харин Мексикийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хөрш орныхоо Төрийн тэргүүнийг ятгаж чадсанаар байдлыг намжгаад байсан юм. Гэвч АНУ-ын тусгай алба экс Ерөнхийлөгч Фелипе Кальдероныг ч мөн тандаж байсан гэх мэдээлэл цацагдсан нь Мексикийн эрх баригчдын тэвчээрийг баржээ. Энэ тухай Германы “Der Spiegel” сэтгүүлд АНУ-ын тагнуулын агентлаг 2010 оны үед Мексикийн  Ерөнхийлөгч Фелипе Кальдероны э-мэйлийг хакердаж байсан гэж мэдээлсэн байна. Мексикийн Гадаад хэргийн сайд энэ талаар “АНУ ийм маягаар Мексикийн Төрийн тэргүүнийг тандаж, туршиж байсан нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй хууль бус үйлдэл” гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг амласныхаа дагуу тагнаж туршсан хэрэгт хийсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээ танилцуулахыг шаардсан байна.

Одоогоор Бразилийн Холбооны цагдаагийн газраас АНУ-ын тусгай алба Төрийн тэргүүн болон газрын тосны “Petrobras” компанийн харилцаа холбоог тандаж байсан гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж