МУ-ын Ерөнхийлөгч БНПУ-ын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

МУ-ын Ерөнхийлөгч БНПУ-ын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч БНПУ-ын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийв


БНПУ-ын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Польшийн Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски нар Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай Тунхаг бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскинар мэдээлэл хийв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Бронислав Коморовски Монголд ажлын айлчлал хийж байгаад бид туйлын баяртай байна. Энэ оны эхээр миний бие Польшид төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг идэвхжүүлэх талаар олон чиглэлээр ярилцсан. Энэ үйл ажиллагаа үргэлжлэн идэвхитэй өрнөж байгаад туйлын баяртай байна. Саяхан эрхэмсэг Ерөнхийлөгч бид нар өргөтгөсөн хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны болон олон талын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Монгол-Польшийн харилцаа, ардчиллын үнэт зүйлсийг цаашид бэхжүүлэх чиглэлд, мөн төрийн байгууллагууд, иргэдийн хоорондын харилцаа, хамгийн гол нь эдийн засгийн харилцааг идэвхижүүлэхэд бид гол анхаарлаа хандууллаа.
 
Мөн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тодорхой зүйлүүдийг ярилцлаа. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгчтэй хамт Польшийн бизнесийн салбарын өргөн төлөөлөл ирсэн байгаа. Энэхүү уулзалтын дараа бид бизнес уулзалтад хамтран оролцож, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар тухайлан ярилцана. Саяхан гарын үсэг зурсан Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай тунхаг бичиг бол их чухал ач холбогдолтой ба үүний хэрэгжилтэд бид анхааран ажиллах болно.
 
Эрхэм Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд их чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэе. Та бүхэнд баярлалаа” гэв.

 Дараа нь БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовски хэлсэн үгэндээ “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд энэ оны эхээр Польш улсад айлчлан ирсэнд болон намайг Монголд айлчлах боломж олгосонд гүнээ талархал илэрхийлж байна. Эдгээр айлчлалууд нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой юм. Бүс нутагтаа төдийгүй дэлхийд ардчиллыг бэхжүүлэх, ардчиллыг сурталчлах үйлсэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа бид саяхан болсон уулзалтын үеэр илэрхийлсэн.
 
Польш нь төв Европын бүс нутагт ардчиллын үйл явцыг дэмжиж, өрнүүлж байсан улс орны хувьд Монголтой адилхан билээ. Ардчиллыг бэхжүүлэх тал дээр нэгдсэн хоёр орны хамтын ажиллагаа, хүчин чармайлт цаашид өөр бусад салбар хамтран ажиллах боломжийг нээж байгааг цохон тэмдэглэе. Ялангуяа эдийн засгийн салбарт харилцаа, хамтран ажиллаагааг цаашид өргөжүүлнэ гэдэгт найдаж байна. Хоёр орны эрчимтэй хөгжих эдийн засаг нь хамтран ажиллах өргөн боломжийг нээж байгаа. Гэвч харамсалтай нь талууд одоогоор энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглахгүй байгаа гэж үзэж байна.
 
Саяхан гарын үсэг зурсан Польшийн Эдийн засгийн яам, Монголын Уул уурхайн яам хоорондын хамтын ажиллагааны Тунхаг бичгийг ажил хэрэг болгох чиглэлээр хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Польшийн тал Монголд хөнгөлөлттэй зээл олгох боломжийг нээлттэй болгосон. Энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь хоёр орны харилцааг сайжруулах нэг ёсны механизм болох учиртай.
 
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тантай хамтран Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Энэхүү уулзалт нь хоёр талын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх бодит боломж юм. Чөлөөт зах зээлийн нөхцөлд улс төрийн зүгээс орчныг нь бий болгож, харин агуулгыг нь хувийн хэвшлийнхэн бий болгодог. Та бүхэнд баярлалаа” хэмээв.


Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж