Осолдсон нисдэг тэрэгний эзэн АТГ-т шалгуулж байжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Осолдсон нисдэг тэрэгний эзэн АТГ-т шалгуулж байжээ

“А-Жет лимитед” компанийн, цагаан өнгийн “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гаригийн 12.00 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт суманд буюу   Минжийн хангайн бүс нутагт ослын буулт хийсэн юм.  Нутгийн иргэдийн ярьж байгаагаар Минжийн хангайн бүс нутаг руу хэр баргийн машинаар очих боломжгүй,  зөвхөн нисдэг тэрэг хөлөглөсөн “томчууд” зорчиж, ан ав хийж, загасчлах зэргээр алжаалаа тайлдаг болсон гэнэ. Учир нь Цахар, Минжийн  гол нь хилийн зааг бөгөөд хүссэн аавын хүү тэнд очоод загасчлаад байдаггүй гэх. Тэгэхээр  уг нисдэг тэрэгэнд ямар ч байсан нэлээд эрх мэдэл бүхий хүмүүс сууж явсан нь  тодорхой байна. ОБЕГ болон ИНЕГ энэ хэргийг чимээгүйхэн өнгөрөөхөөр оролдож байгаа нь дээрх хардлагыг улам бататгаж байгаа юм.

Ямартай ч онгоцны ашиглагдах хугацаа дууссан гэх мэдээллийг ИНЕГ-аас үгүйсгэж байгаа бөгөөд тэдний  зүгээс “Онгоцонд нисэх багийнхнаас гадна нэг хүүхэд, зургаан том  хүн явж байсан, тэд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй” гэх мэдээллийг өгөөд байгаа.  Онцгой байдлынханыг  очиход нисдэг тэргэнд сууж явсан хүмүүс загасчлахаар цаашаа явсан бөгөөд “Хоёр хоногийн дараа очно” хэмээн ар гэрийнхэндээ албаны хүмүүсээр үг дайлгасан гэх. Нисдэг тэрэг 15 метрийн өндрөөс унасан тул их биеийнх нь 70 хувь эвдэрч, дахин ашиглах аргагүй болсон гэх мэдээллийг ч албаныхан өгч байна.

Одоо эл хэрэг гарсантай холбоотойгоор “А-Жет лимитед”  компанийн эзэн хэн болохыг сонирхох хүмүүс олон байгаа нь мэдээж.  “А-Жет лимитед” нь нефть импорт, хөдөө аж ахуй,  уул уурхай, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, мөн  олон улс, орон нутгийн онгоцыг шатахуунаар сумладаг компани юм байна. Тус компанийг мөн олон жилийн турш МИАТ, “Изинес", “Кореан эйр”, “Эйр Чайна” зэрэг авиа компаниудын онгоцыг шатахуунаар ханган, энэ салбарт ганцаар ноёрхож ирсэн /сүүлийн жилүүдэд “Сод Монгол” тэдний өрсөлдөгч болон орж ирсэн гэх/ гэх ч яриа байдаг.

“А-Жет лимитед”  компани нь Сайд нарын зөвлөлийн  дарга асан Ч.Сүрэнгийн хүү С.Эрхэмбаярынх бөгөөд түүнийг “Эрдэнэт” үйлдвэрт хамаарах хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, "Ганцхудаг"-т хориод байсан юм. Харин суллагдсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна.  Энэ эрхэм олон нийтэд төдийлөн танигдаагүй ч Монголын бизнесийн салбарт бол эртний том “фигур” гэж дүгнэгдэх нь бий. Загасчлах хоббитой, тэр хоббидоо зориулж улстөр, бизнесийнхэнтэй үе үе тэрэг хөлөглөн “зугаацдаг” байжээ.

Мөн С.Эрхэмбаярыг нэлээд овсгоотой хөдөлгөөнтэй, улс төрийн хүрээнийхэнтэй ойр дотно харилцаатай гэдэг бөгөөд “МИАТ”-ээс их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдсон  Ч.Хоролсүрэнтэй нилээд ойр байсан талаар хэлэх хүмүүс ч бий. Чухам ямар шалтгаанаар АТГ-ынхан түүнийг “Эрдэнэт” үйлдвэртэй хамаатуулан  шалгасан нь тодорхойгүй ч Монголоос зэс импортолдог "Glencore" гэх гадаадын компанийн бие төлөөлөгчөөр ажиллаж байсан нь үнэн юм.  Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд яригдсаар ирсэн ч хэн ч баталж байгаагүй зэсийн худалдаанаас ашиг унагадаг гэх “том” асуудлаар түүнийг АТГ-ынхан шалгасан байж болзошгүй юм. АН, МАН-ын аль алинд нь артай, бизнесийн хамгаалалт сайтай гэх С.Эрхэмбаярын талаарх дорвитой мэдээлэл одоогоор үүнээс өөр алга.  Харин АТГ-т шалгагдаж байсан, нисдэг тэрэг нь осолдсон гэх таагүй мэдээллээр тэрээр сүүлийн үед хэвлэлийнхний өмнө гарч ирж байна.

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж