Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Коби Брайнтгүй “Лос-Анжелес Лейкерс” NBA China Games аялан тоглолтын хүрээнд Хятадад хийсэн хоёр ч тоглолтод “Голден Стейт Уарриорс” багт ялагдал хүлээв.

Дэлхийн сагсан бөмбөгийн ертөнц дэх хамгийн хүчирхэг лигийн цар хүрээг улам бүр тэлэх, магадгүй хамгийн том зах зээл байж болох Хятадад NBA-ыг сурталчлах зорилгоор зохион байгуулдаг NBA China Games-т энэ жил “ЛА Лейкерс” болоод “Голден Стейт Уарриорс” багууд хамрагдаж, Бээжин болон Шанхай хотноо үзүүлэх тоглолт хийлээ.

Аравдугаар сарын 15-нд Хятадын нийслэл Бээжин хотын “MasterCard Center”-т, 18-нд Шанхай хотын “Mercedes-Benz Arena”-д.

МОНГОЛЫН САГСЧИД БЭЭЖИНД “ДЕСАНТ БУУЛГАВ”

Бээжингийн зуны олимпийн үеэр сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан болон шигшээ тоглолтууд явагдсан тэр талбайд болсон NBA-ын аялан тоглолтыг үзэх аяллыг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж, “ЛА Лейкерс” болон “Голден Стейт Уарриорс” багийн тоглолтыг үзэхээр Монголоос 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Бээжинд “десант буулгав”. Сагсан бөмбөгийн дээд лигт “бужигнуулж”, Монголын сагсан бөмбөгийн нэгэн үеийн төлөөлөл болж явсан Ж.Отгондарь, Г.Ихбаяр, Ү.Давхарбаяр тэргүүтэй хууччуул, Монголын сагсан бөмбөгийн ахмад зүтгэлтнүүд, Үндэсний супер лиг болон Спрайт супер лигийн шилдэг тамирчин, дасгалжуулагчид, Монголын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл гээд 30-аад хүн Монголоос Нанхиад гүрний нийслэлийг зорьсон. Бээжинд хүрсэн хойноо бусад гишүүдтэйгээ нэгдэв. Тяньжин хотноо Зүүн Азийн VI наадамд оролцсон Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Бээжинд ирснээр NBA-ын аялан тоглолт үзэх гэсэн манай багийнхан 50 гаруйлаа болцгоов. Хөгжилтэй нь, сагсан бөмбөгийн спорттой ямар нэг сэжмээр холбогдсон хүмүүс тэнд цугласан болохоор бүгд шахуу өндөр, том биетэй. Ямар сайндаа л буцах замдаа аяллын автобусаар Эрээнд очиход тэндхийн хятадууд “Улаанбаатарын хамаг хамаг өндрүүд ирлээ” гэсээр угтсан шүү.

МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧИД АЗИД ӨРСӨЛДӨХ ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

Монголын сагсан бөмбөгчдийн Хятадад үзүүлсэн амжилтыг дурдахгүй өнгөрч боломгүй. Тяньжинд болсон Зүүн Азийн наадамд “А” хэсэгт Гуам, БНСУ болон Тайванийн багтай сугалаа таарсан Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид хэсгийн тоглолтдоо Гуамын багийг хожиж, БНСУ-ын багт тун бага онооны зөрүүгээр хожигдсон. Хэсгээсээ шалгарч чадаагүй ч тавдугаар байрын төлөө Хонгконгийн багийг буулган авсан нь Монголын сагсан бөмбөгийн спорт дахь том дэвшил. Байнгын бэлтгэл сургуулилттай байж, бусад орнуудын шигшээ багийн зарчмаар ажиллавал тивдээ өрсөлдөхүйц хүчирхэг баг болох боломжтойг энэ удаагийн Зүүн Азийн наадам харууллаа.

ТЭДЭНД ТОМ ЭНДҮҮРЭЛ, БИДЭНД ЧИМХ ИНЭЭД

Бээжин хотын Элчингийн дүүрэгт буудалласан бид хоёр өдөр Бээжингээр shopping хийж, ойр хавийн спорт барааны дэлгүүрүүдээр нэлээд хэсэв. Аяллын маань гол зорилго, утга учир болсон тоглолтын өдөр /X.15/ болж, дор бүрнээ бэлтгэлээ базаагаад тоглолт болох “MasterCard Center”-ийг зорив. Зочид буудлаас цаг гаруй яваад хүрэх газар тул бөөнөөрөө аяллын том автобусанд суугаад хөдөллөө. Үзэх гэж яваа тоглолтынхоо талаар, NBA, “Лейкерс”, Коби Брайнт, өнгөрсөн жилийн аялан тоглолт, басхүү Казахстаныг зорьсон боксын тамирчдынхаа сугалаа, тоглолтын талаар таамаг дэвшүүлсээр тоглолт эхлэх цагаас нэлээд өмнө зорьсон газраа хүрэв. “MasterCard Center”-ийн гол хаалганы урд зогссон автобусыг маань Хятадын үзэгчид тойрон бүчиж, NBA-ын тоглогчидтой андуурч, автобус дагаад гүйлдэнэ. Бүгд гар утсаа барьчихсан зураг авах гэж хичээнэ. Хаанаас нь ч харсан ази төрхтэй монголчуудыг NBA-ын тоглогчидтэй андуурсан тэднийг хараад бид жаал инээлдэцгээв. Урт аяллын маань чимх инээд тэр байлаа.

ХҮСЭН ХҮЛЭЭСЭН МӨЧ

Уламжлал ёсоор тоглолтын өмнө хоёр багийн хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд, шоу үзүүлбэрийнхэн үзэгчдийг хөгжөөв. Ингээд тоглолт эхэллээ. Хүсэн хүлээсэн мөч… Тоглолтын тасалбар дээр хэвлэгдсэн яг тэр цагтаа, нэг ч хором хоцролгүй тоглолт эхлэв. 18 мянган хүний суудалтай цэнгэлдэх дүүрэн цугласан үзэгчид орилолдож, Коби Брайнтын нэрийг дуудна. NBA-ын түүхэнд хамгийн арвин амжилттай багуудын жагсаалтад дээгүүрт бичигдэх “ЛА Лейкерс” тэр хэрээр фен олонтой. Дээр нь өнөө цагийн NBA-ын амьд домог болсон Коби Брайнт энэ багийн супер од нь болохоор. Өнгөрсөн улиралд плей-оффын тоглолтын өмнөхөн Ахиллын шөрмөсөө гэмтээж, хүнд бэртсэн Коби Бээжинд болсон тоглолтод үзэгчийн хувиар оролцсон. Бэртэл гэмтэл нь илааршиж, хөнгөн бэлтгэл хийж эхэлсэн ч тэрбээр аравдугаар сарын 29-нд NBA-ын 68 дахь удаагийн улирал эхлэхэд талбайд бэлэн байхын тулд Хятад дахь тоглолтыг сэлгээний суудалд, дэгжин хослолтой өнгөрүүлсэн юм. Коби Брайнтгүй “Лейкерс” тэр тоглолтод ялагдсан. Дэвид Ли, Стефен Карри тэргүүтэй “Дайчид”-ын баг 100:95 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан. Аялан тоглолт, үзүүлэх тоглолт, шоу гэхээсээ илүүтэй жинхэнэ өрсөлдөөн дунд өрнөсөн тэр тоглолтод “Голден Стейт Уарриорс” багаас Дэвид Ли 31 оноо авч, багаа тэргүүлжээ. Түүнээс гадна Карри 24 оноо, Эндрью Богут есөн оноо авч, 14 удаа самбараас бөмбөг авсан бол Клей Томпсон сэлгээнээс тоглон 13 оноо авч, багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулсан. Харин өрсөлдөгч “Лейкерс”-ээс Ник Янг 18 оноо авч, багаа тэргүүлсэн бол Пау Газол 15 оноо, Крис Каман 14 оноо авчээ.

Хятадыг зорьж, NBA-ын тоглолт үзсэн бидний хувьд тоглолтын үр дүн чухал
байсангүй. Сагсан бөмбөгийн спортын хөгжлийн оргил цэгт хүрсэн гэж
тодотгож болох NBA-ын тоглолт үзэж, дуртай зүйлээсээ кайф авсан нь
хэсэгтээ хуучрахгүй сонин, басхүү дурсамж болов. 






С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж