Төмөрлөгийн салбарыг 50 сая ам.доллараар дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Төмөрлөгийн салбарыг 50 сая ам.доллараар дэмжинэ

Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын хамтарсан тушаалаар "Монгол төмөр", "Монгол зэс" хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд гангийн үйлдвэр, зэс хайлуулах болон цэвэршүүлэх үйлдвэр барих нэгдсэн төлөвлөгөө гаргахаар болжээ. Тус ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Д.Цогтгэрэл "Монгол Улс төмрийн хүдрийн болон зэсийн асар их баялагтай. Төмрийн тэрбум орчим тонн нөөц илэрсэн. Энэ бүгдийг ямар техник технологи хэрэглэж эцсийн бүтээгдэхүүн болгох вэ гэсэн цогц хөтөлбөрийг боловсруулна” хэмээн хэллээ.

Засгийн газраас төмөрлөгийн үйлдвэрийн салбар тэр дундаа төмрийн баяжмал үйлдвэрлэл болон барилгын арматур үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 50 сая ам.долларыг “Чингис бонд”-ын хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна.

“Монгол төмөр” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгээс улсын дотоодын нийт төмрийн хэрэглээ болон төмрийн хүдрийн нөөцийг газар нутгийн байдлаар судлах, монгол оронд төмөр, төмөрлөг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх таатай нөхцлийг судлах, байгаль орчинд хал багатай шилдэг технологийг нэвтрүүлэх санал боловсруулах үүрэг бүхий судалгааны багийг томилон ажиллаж байгаа ажээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж