З.Энхболд Польшийн Ерөнхиийлөгчид бараалхав

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

З.Энхболд Польшийн Ерөнхиийлөгчид бараалхав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскид өнөөдөр /2013.10.21/  бараалхлаа.

УИХ-ын дарга уулзалтын үеэр Монгол Улс, БНПУ хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд олон салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэхүү харилцаагаа цаашид бүхий л салбарт идэвхижүүлэн хөгжүүлэх нь хоёр орны ард түмний эрх ашигт нийцнэ гэдэгт итгэл төгс байгаагаа дуулгалаа.

Мөн хоёр улсын парламентын удирдлагуудын түвшинд хийсэн айлчлалууд нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, ялангуяа парламент хоорондын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлоод Польшийн Сенатын Маршал Богдан Борусевичийн энэ оны тавдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал парламент хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэн бататгахад чухал хувь нэмэр болсныг тэмдэглэлээ.

Монгол, Польшийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, илүү өндөр түвшинд хүргэх, ялангуяа уул уурхай, барилга, дэд бүтэц болон хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг олон салбарт Польшийн талтай хамтран ажиллах боломжтой гэж үзэж буйгаа УИХ-ын дарга илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэнд, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд УИХ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Ноён Ерөнхийлөгч ирэх жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг хүлээж байгаагаа дуулгаад хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа үргэлжлэн улам бүр гүнзгийрнэ гэдэгт найдаж буйгаа уулзалтын төгсгөлд хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж