УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, түр завсарлалаа. Тус бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн хүрээний асуудлыг хэлэлцэж байгаа аж. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцад манай намын бүлгээс байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан. Ерөнхий сайд 2013 оны төсвийг авилгажсан төсөв гэсэн нь ноцтой мэдэгдэл. Өнөөдөр төсвийн гүйцэтгэл 80 гаруй хувьтай гэж байгаа ч хөрөнгө оруулалт 30 хувьтай байна. Энэ нь Засгийн газар хэрэгжүүлэх боломжтой, төлөвлөсөн хөрөнгө оруулалтын ажлаа хийж чадаагүй гэсэн үг. 2013 онд хийгээгүй ажил нь 2014 оны төсөвт нэмэгдээд ороод ирчихсэн байх жишээтэй. Тиймээс энэ асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайдаас тайлбар авахыг хүсч байна" гэв.
Түүнчлэн Шадар сайд Л.Тэрбишдагва хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа тендер зарлахад 10 хувийн авлига авдаг тухай ярьсныг тодруулах шаардлагатай гэж үзжээ. Эдгээр асуудлыг тодруулсны дараа төсөвт тодотгол хийх, 2014 оны төсвийг батлах асуудлыг хэлэлцэх ёстой гэх байр суурийг бүлгээс гаргасан байна. Түүнчлэн өнгөрсөн онд хийгээгүй ажлыг 2014 оны төсөвт оруулж дуусгах ёстой. Учир нь 2013 оны төсөвт тусгагдсан чухал ач холбогдолтой ажлуудыг хасаад, цоо шинэ зүйл нэмж оруулж ирснийг тодруулах шаардлагатай гэсэн юм. Тиймээс 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2014 оны төсөвтэй холбоотой нарийн мэдээллийг маргааш авахаар болжээ.
С.Отгон