Бүрээн дууг хориглож магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.14-нд нийтлэгдсэн

Бүрээн дууг хориглож магадгүй

FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн цомын тэмцээн анх удаа Африк тивд зохион байгуулагдаж байна. Мэдээж анх удаагийнх гэдэг утгаараа зохион байгуулагч орон бүхий л тал дээр зүтгэл гаргаж, эхнээсээ олон сайхан зүйлсээр бэлэг барьсан. Гэхдээ Өмнөд Африкчууд нэг зүйл дээр арай хэтрүүлсэн бололтой. Тоглолт эхнээсээ аваад дуусан дуустлаа бүрээн дуунд дарагдаж байгаа. Эхэндээ сонсоход ч африк үндэстнүүдийн дүр төрхийг илтгэсэн сонирхолтой санагдах боловч сүүлдээ энэ бүрээн дуу нь чихэнд чийртэй, үргэлжилсэн цуурай болон хувирч үзэгчдийн бухимдлыг төрүүлэх болсон юм. Вувузела хэмээх энэхүү бүрээ яг одоо Өмнөд Африк улсын хэмжээнд хаа сайгүй зарагдаж, хөгжөөн дэмжигчдийн худалдан авах гол бараа болжээ. Гэхдээ энэ байдлыг одоо зогсоох цаг болсныг албаныхан төдийгүй, тоглогчид хэлж байна. Францын багийн ахлагч Патрис Эвра энэ бүрээн дууг “чихэнд чийртэй, тоглож байхад анхаарал сарниулдаг” гэсэн бол бусад хөлбөмбөгчид бүрээн дуунаас болж, шөнө унтаж чадахгүй байгаагаа багийнхаа удирдлагад гомдоллосон байна. Шууд дамжуулж байгаа телевизийн компаниуд ч энэ байдлыг шүүмжилж зохион байгуулах хороонд гомдол гаргаад байгаа юм. Тиймээс энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэйг дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах хороо хэлэлцээд эхэлсэн байна. Тус хорооны гүйцэтгэх захирал Дэнни Жордааны хэлснээр “Бид хөгжөөн дэмжигчдийн уур амьсгалыг хорих эрхгүй ч, яг тоглолтын үеэр цэнгэлдэхэд бүрээтэй орохыг хориглож болзошгүй” гэж хэлжээ. Мэдээж хөлбөмбөг бол нийтийн спорт. Цэнгэлдэх даяар хайртай багаа дэмжин дуулж, уриа хадаан, бөмбөрийн нүргээнд бүжиглэн давалгаалдаг тэр сайхан мэдрэмж Өмнөд Африкт дутагдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж