Гэртээ харих гэрэлт зам сайхан шүү, эрчүүд ээ

Хуучирсан мэдээ: 2013.10.21-нд нийтлэгдсэн

Гэртээ харих гэрэлт зам сайхан шүү, эрчүүд ээ

Гэртээ эртхэн харьж бай, эрчүүд ээ. Очдоггүйн хар гай, амьд жишээ Д.Батболд болоод байна. Гэхдээ би түүнийг муулахгүй. Олон хавар нэгэндээ гэж энэ шүү хэмээн жишээ болгон хэлж байгаа юм. Хоёр нялх хүүхдээ орхиод Ц.Туяа гэж эмэгтэй 22 жилийн ял авлаа.

Энэ бол дэндүү заяа нь орхисон хувь тавилан. Өмнөөс нь өр өвдмөөр хувь тавилан, Хоёр хүүхдийг нь бодохоор шүү. Эр хүн эр хүндээ хайртай л гэдэг. Хайргүй баймаар үе ч гарч байна. Ажил хэдүйн тарчихаад байдаг. Аль нэг газар руу утас цохиод, эсвэл эхнэр нь залгаж байгааг эргэн тойронд байгаа хүмүүс нь мэдэнгүүтээ нэгэн зэрэг нам гүм болоход, өнөөх нөхөр чинь төв дуугаар "Уулзалттай байна, хүмүүстэй байна, ажилтай байна одоохон эргээд залгая" гэж хоолойны чухал өнгөөр, шивэгнэж ярих.

Эрчүүдийн энэ байдлаас л болохгүй бүтэхгүй бүх зүйл эхэлдэг шүү дээ. Ингээд л гараад явдаг. Явж явж гэртээ шөнө дөлөөр орно. Очихгүй нь ч бий. Маргааш ажил дээрээ бөөн факт гэсээр орж ирнэ. Гэртээ хариагүй нь тэр. Эрчүүдийн энэ дампуурал дунд л амь амьдрал, ажил хөдөлмөр түйвээх аюул занал явж байдаг. Ер нь бол үүнийг хаа хаанаа мэдэцгээж байгаа хэрнээ тэвчдэггүй.

Эрчүүдийн зорилго бол үргэлж өөдөө, дээшээ байдаг. Ахиу мөнгө олох, албан тушаал ахих гээд. Ахиж дэвжих тусмаа Монголын эрчүүд эхнэрээ сольдог. Яагаад ажлаа тараад, уулзалт, хурал зөвлөгөөнөө дуусгаад гэртээ очиж болдоггүй юм бэ. Гэртээ гээхийтэл ороод, диван дээрээ тэрийтэл хэвтээд тамхиа татна уу, хоолоо идээд даруулгаа хэрэглэнэ үү, зурагтаа үзэж, сонингоо гарчиглаад, хүүхдүүдээ унтсан хойно эхнэртэйгээ амьдралын амин халуун яриагаа өрнүүлж, олсон хэдэн төгрөгөө яаж зарцуулахаа ярилцаж, түүндээ сэтгэл хангалуухан ор хөнжилдөө орж болохгүй байгаа шалтгаан юу байна.

Тэгэхгүй байгаагаас чинь болоод л эр эмийн асуудал, нууц янаг амрагийн асуудлууд хүний амь хөнөөхөд хүрч байна. Эхнэрүүдийн дийлэнх нь аятайхан хүүхнүүд байдаг. Сайхан царай зүстэй, зан ааш сайнтай, ажил төрөлтэй, гялалзсан, амьдралд яахаа мэдэцгээдэг. Гэтэл тийм эхнэрүүдээ араар нь тавиад байдаг. Эр хүний л явдал гэж боддог байтал энэ арай биш байна гэдэг нь цаг хугацааны эрхээр мэдрэгддэг боллоо. Аль аль талаараа үл бүтэх эмэгтэйг гэргийгээ болгоснууд нь салаад сарниад явцгаасан л даа. Харин гэргийдээ маш их хайртай хэрнээ л шөнө оройтоод байгаа нөхдүүдэд аймаар жишээнүүдийг унш унш бас дахин унш гэж хэлмээр байна.

Д.Батболд алтны уурхайтай, "сайн" ахтай, дээр нь боломжийн албан тушаалтай залуу болохоор боломжийн эхнэртэй байсан байж таарна. Гэтэл нөхөр явалдаж болоод л байсан байна. Дараагийнх руу нь, тэндээсээ бас дахин дараагийнх руу нь… Мөнгөтэй, боломжтой залууд дургүй хүн байхгүй.Салах дургүй л байцгааж. Болоод байгаа юм шиг явцгаасаар эцэстээ энэ. Эр хүн уг нь өөрийгөө хазаарлах ёстой газраа хазаарлаж явах нь сайхан. Тэгэхгүй байгаа нь эмгэнэл. Саяхан хутга шөвөгний хэрэгт ороогдоод байгаа Н.Номтойбаяр гэхэд Дорнодод хэд хоног ажиллачихаад хот руу орж ирэхдээ гэр рүүгээ бус шууд "Миранда" гэж баар руу очиж хүмүүс дуудсан байдаг юм. Хөдөө хөхөрч, гадаа гандаж яваад ирж байгаа хүн чинь шууд гэртээ, гэргий хүүхдэдээ очдоггүй юм уу. Гэртээ шууд очсон бол юу гэж тийм юм болох вэ.

Эрчүүдийн энэ байдал нийтлэг болчихоод байна. Ажил дээрээ сууж буй арван эрийн лавтай талаас нь ийм үнэр ханхалдаг. За ажил тарчихлаа нэг газар орох уу, нөгөөдөх рүү чинь ярих уу гээд эхэлдэг, Ийм үзэгдэл нь энэ цаг үеийн монгол эрчүүдийг муухай харагдуулж байна. Ямагт өөртөө эрсдэл дагуулж байна. Эхнэртэйгээ хамт байсан залууг хамтад нь модоор нүдэж хөнөөгөөд хээр аваачаад хаячихсан, нэртэй компанийн захирал залуугийн хэрэг явдал хэдэн жилийн өмнө дуулиан болж байсан. Үүнийг сонссон эрчүүд бүхэн сэртэсхийж байсан. Гэтэл давтагдсаар байна. Тэрхүү компанийн захирал залуу бол боловсролтой, хөрөнгөтэй, төлөв даруу нэгэн байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Тэгтэл тийм үйлдэл хийсэн юм.

Шөнийн амьдралтай болчихсон эрчүүдийн арми Монголд бий болчихсон. Тэдгээр нь голдуу боломжтой айлын хүүхдүүд, хурган дарга нар байдаг. Тэр армийнхнаас хар тамхи, хүүхэн шуухан… гээд нийгмийн нэлээн дээд түвшнийхэн холбогддог ноцтой хэргүүд илэрч байна. Гэр рүүгээ яардаг эмэгтэй хүн, гэргийгээ хүндэлдэг эрэгтэй нар Монголд олширвол амьдрал сайхан байна гэсэн үг. Улс орны хөгжил айл гэрийн амьжиргааны чадавхи, гэр бүлээ сайхан авч яваа эр хүн хоёроор хэмжигдэнэ. Юу үнэн энэ л үнэн. Хоёр нөхөр хажууд архидахыг харж билээ. Арай ахимдуу нь сургамжилж байнаа, "Чи залуу сайхан байна. Гэр рүүгээ яарсан л хүн байх юм.

Цаагуур чинь аятайхан хүүхнүүд байна. Ганц нэгийг нь ядаж эргүүлээч" гэж. Өнөө залуу нь "Үгүй, миний эхнэр царайлаг сайхан, тийм байхад би илүү юмаар яах юм бэ" гэж. Ингэж өндөр дуугаар хэлчихээд баарнаас гараад явчихаж билээ. Хамт ажилладаг залуу маань нэг өглөө ажилдаа ирэхдээ баахан баргар байна. Яасан гэхээр эхнэр, жаахан охин хоёр нь хөдөө яваад хэд хоноод иржээ. Ирэхэд нь мань эр тосч аваагүйгээр барахгүй нанчид хүртээд шөнө 4.00 цагт гэртээ сэржээ. Сэрээд тэмтчээд нөгөө өрөө рүүгээ орохноо эхнэр нь охиноо өвөртлөөд газраар заларсан байна гэнэ. Уйлж уйлчихсан. Миний байж байгаа царай, хань охин хоёроо гомдоочихлоо гээд шаналаад байгаа нь тэр аж. Энэ л амьдралын үнэн сайхан нь. Эр хүн алддаг аа, алддаг.

Муухай алдах нь ч бий. Мань эр архи уусан байна, хүнийг хорвоог мэдэхгүй болтлоо тасарч унасан байна. Гэхдээ гэмшиж байна, бүр шаналж байна. Яагаад гэвэл ханиа гомдоочихлоо гэхээс. Алддаггүй эр, нурдаггүй эрэг гэж байдаггүй. Гол нь ийм л сэтгэл зүрхтэй байя л даа, эрчүүд ээ. Өөгүй тэгшхэн, өнцөггүй булангүй амьдрал байдаггүй болохоор буруу зөв явах нь хорвоогийн жам хэдүй ч тэр баарнаас эхнэрийнхээ сайхныг дурдаад гарсан залуу шиг, эхнэрээ тосч авч чадаагүйдээ шаналан суугаа эр шиг тийм л амьдарцгаая. Монголд ийм эрчүүд цөөрч зав л гарвал нүгэлтэй юм боддог эрчүүд олширсноос болж аймшигт хэргүүд гарч, гэр бүлүүд салж, хүүхдүүд өнчирч байна. Мэдээж эрчүүд нүгэлтэй юм бодохгүй байна гэж байхгүй л дээ. Гэхдээ хэзээ хаана, ямар цаг үед гэдгээ айхавтар мэддэг эрчүүд эргэн тойронд минь олон байгаа учраас гэр бүл бүхэн салж, гэмт хэрэгт орооцолдчихгүй явж байна. Ийм эрчүүдээсээ үлгэр авцгаая. Тэд чадаж байхад та яагаад чадахгүй гэж. Албан тушаал, алдар нэр, мөнгө хөрөнгөтэй болох тусмаа гэр бүл, гал голомтоороо оролддог нь хорвоогийн жам биш.

Зүгээр л хээнцэрлэл, өөрийгөө эвдэж хэмхэлж байгаа хэрэг. Эцэст нь хэлэхэд гэр дотроо түгшүүртэй амьдардаг эрчүүд бүхэнд ийм эмгэнэлт хувь заяа ойрхон байж магадгүй шүү гэдгийг хэлэх байна. Ажлаасаа тарж гэртээ ороод угаалгын өрөөнд зогсч байхдаа гэнэтхэн утсаа гал тогооны ширээн дээр орхисноо санаж уухай туухай юм огцом гарч ирж өөрийгөө хүнд байдалд оруулдгаа боль. Мессежээ устгахаа мартаад гэртээ ордгоо боль. Гэнэт хэн нэгэн утсаар залгахад сандарч утас руугаа уралдаж хүрдгээ боль. Мэйлээ, мессенжерээ, хармаа халаасаа, өөр өнгө үнэртэй усаа хүртэл цэвэрлэж гэртээ ордог чинь одоо зовлон биз дээ. Эхнэр хүн эр нөхрөө аяг аашнаас нь, нүднээс нь, хоолойны өнгөнөөс нь мэдэрч, гадарладаг. Тэд баргийн зүйлийг тэвчдэг. Тэвчээрт ч бас хязгаар байдаг. Үүний тод жишээ бол нэгэн эрэгтэйгээс болсон хоёр эмэгтэйн хоорондын аймшигт хэрэг явдал. Эрчүүд ээ, гэр гэртээ харих гэрэлт зам сайхан, түүнд хүрэхдээ нүгэл битгий үйлд. Эхнэр, үр хүүхэд чинь бүлтийтэл хүлээгээд сууж байгаа шүү.

Д.ХАШЧУЛУУН

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж