Энэ өдрийн онцлох эзэд гэвэл Хэнгэрэг Энтертайнментийн залуус байсан бөгөөд тэдний “Хориглоно” бүтээл Монголын кино урлагт тодоос тод хэнгэрэг дэлдэх мэт орж ирлээ. Энэ жилийн уралдаанд оролцсон 31 бүтээл бүгд өөрийн гэсэн хэмнэл, цохилт тодхон байсан бөгөөд эдгээр цохилтоос тодхон байсан нь “хэнгэрэг”-ийнхэн байлаа.
…Магадгүй, хоёр ертөнцийн голд түр саатаад буй залуусын яриагаар кино эхэлнэ. Ямартаа ч тэд тамд ч биш, диваажинд ч байгаагүй. Яг л очих газартаа хүргэх унааг хүлээн борооноос хоргодон буудал дээр зогсоцгоох зорчигчид шиг. Юуны төлөө буудуулж, юуны төлөө зулын гол болж, ямар зүйлийн төлөө амьдралаа бусдын гарт зольсон талаараа тэд ярилцана. Гуравхан сартай үрдээ бүүвэйн дуу аялан тайвшруулах боломж тэр эхэд байхгүй болсон, энх тайвны төлөө гэх хэрнээ бие биенээ хядаж дайны нэгэхэн хэсэг болж буй тэр залуугийн ирээдүй ч үгүй болсон. Юуны төлөө амьдраад, юуны төлөө нэгнийхээ амьдралыг золиослож байгаа вэ гэдэг асуултыг үзэгчдэд, нийгэмд хандан тавилаа. 1930-аад оны цурхирам гашуудлын хохирогчдын алдхан биестэйгээ хамт шороонд булуулсан, хэнд ч хэлээгүй үгсийг тайзнаа ийн чангаар хэллээ. Ярианд нь автчихсан сэтгэхүйг тэд гэнэтхэн өөр газар аваачаад орхив. Авчирсан газар нь галзуугийн эмнэлэг. Өнөө хэдэн хэний ч мэдэхгүй хохирогчид маань галзуугийн тасгийнханий төсөөлөл болон хувирч байсан нь тэр. Дахиад л “магадгүй” гэе. Магадгүй гэхийн учир нь киног бүтээгч, үзэгчид өөр өөрсдийнхөөрөө ойлгох учраас миний харсан зүйл дутуу, эсвэл огт өөр байж болох. Магадгүй тухайн хохирогчдийн яриа хэлмэгдүүлэлтийг зүгээр л солиорол байсан гэдгийг хэлчих шиг боллоо. Цоожтой өрөөнд нийгмээс тусгаарлагдаж буй “галзуу” гэх оноштой залуусын биеийг хорьж буй ч сэтгэхийг нь хэн ч цоожлож чадахгүйг ч харуулж байх шиг. Тэдний төсөөлөл ертөнцийн хаана ч аваачих боломжтой. Гэхдээ галзуугийн тасгийнхан “эрүүл” бидний ч олж хараагүйг харж, төсөөлж байгаа гэдэг нь биднийг өөрсдийг маань эрүүл үү гэх асуултыг ч үлдээв..
Ийнхүү өнөө хэдэн танил жүжигчид биш хийх нь урдаа байгаа залуусын чадварлаг жүжиглэлт, часхийсэн санаа бүхий эмгэнэлт инээдмийн жанрын “Хориглоно” бүтээл “48 цаг” кино наадмаас “Шилдэг зохиол” “Шилдэг найруулга” “Шилдэг багийн ажиллагаа” шагналуудыг авсан ба гран при гэгдэх “Шилдэг бүтээл”-ийн эзэн боллоо.
Монголын кино урлаг хөгжиж байгааг, шинэ залуу үе түрэн гарч буйг, гадаадын ямар ч кинотой өрсөлдөхүйц кино бүтээх боломж байгааг залуус харуулсан ба бусад шагналын эзэд ч “шинэхэн одод” байв.
Богино хэмжээний кино наадмын Шилдэг дууны найруулгаар өнгөрсөн жилийн аварга Absolute pictures-ийн бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт кино “Сүүлчийн хомосапинс” шалгарав. Хүн төрөлхтнийг устгаж байгаль дэлхийд гавъяа байгуулж буй эрдэмтний тухай энэхүү бүтээлд ашигласан дууны эффект, киноны дуугаралт, хөгжмийг онцгой байсан гэж шүүгчид үнэлэв.
Шилдэг эвлүүлгийг Bekh entertainment –ийн сэтгэхүйн аймшгийн төрлөөр хийсэн “Зургаа” бүтээл авав. “Эвлүүлгэндээ цаг гаргаарай, гаргах гэж буй санааг чинь эвлүүлэг чинь л гаргадаг шүү” гэх уралдааны ерөнхий зохион байгуулагч Н.Цогтбаярын зөвлөгөө олон оролцогчдод санагдсан биз.
Шилдэг зураг авалтын номинацад Тасаг №6 –ийнханы хийсэн романтик жанрын “Наморе” бүтээлийн зураг авалт шалгарав. Шилдэг зураг авалтыг шалгаруулах хамгийн хүнд байсан байх, ямартаа ч тэд шалгарч чадав.
Хэдийгээр сонгосон жанраар хийгээгүй хэмээн шалгаруулалтаас хасагдсан ч “Үзэгчдийн таашаалд нийцсэн” бүтээлээр “AMB”-ийн бүтээл “Эхлэлийн эхэнд” кино шалгарлаа. Шинэ амьдрал эхлэхийн өмнөх хүнд амьдралынх нь сүүлийн өдрийг харуулсан, өмнөө тавьсан зорилготойгоор амьдрах ёстойг харуулсан энэ бүтээлээс “амьдралын зовлон бэрхшээл дунд зорилготой хүн л ялагч болдог” гэх санаа тодхон харагдана.
Уралдаан оролцогчдын бүтээлүүд кино хийнэ гэдэг мөнгө санхүүгээс бус сэтгэлээс хамааралтай зүйл гэдгийг ойлгуулах шиг боллоо. Өгөгдсөн хугацаанд кино бүтээхдээ хэн нэгэнд төлбөр төлөхгүй, мөн зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр зохиогчоос зөвшөөрөл авах гээд дүрэм нь кино наадмын онцлог байв. Энд бүтээгдсэн 4-7 минутын кинонууд өнөөдөр дэлгэцнээ гарч буй хоёр цагийн кинонуудаас ч агуулгаараа баян нь олон байлаа.
48 цаг кино наадмыг цөөн үгээр тодорхойлон сэтгэгдлээ илэрхийлсэн Глоб интернэйшнл төвийн тэргүүн Х.Наранжаргалын “Харахад харц хурдан, харвахад сум хурдан, санахад санаа хурдан” гэх үг шиг богино хугацаанд тэсрэлт хийсэн бүтээлүүд үнэхээр сум шиг хурц байж чадлаа.
Хэдийгээр шалгарч шагнал аваагүй ч 48 цагт дэлгэцийн бүтээл хийсэн оролцогчид бүгд ялагчид байв. Эрчүүдийг үнсэлцүүлэх зориг, дурсамжин дахь амьдралыг харуулсан шийдэл, үхэгсдийг дурлуулсан сэтгэлгээ, хэний ч анзаардаггүй хайр, дүргүй хүрч зүүдэнд ором айдас, зүүдний нууц, бодлын хүч, хөлгүй хүн нисэхийн тулд сахиусан тэнгэр болон далавч ургуулах ёстой гэх санаа, үхэлтэй тохиролцон тэмцэн байж үлдээхийг хүссэн зүйл нь өчүүхэн жижигхэн зүйлээс болж өөртэй нь хамт нууцлагдан үлдэж буй тухай таавар, гаднах байдлаас нь хийсэн дүгнэлт өөр байдаг тухай гээд нийгэмд, хувь хүн рүү, дотоод ертөнц рүү хандсан санаануудаар баялаг олон бүтээлүүд байлаа. 2880 багийн “Гэрээслэл”, A-Bros “Хохирогч”, Schizoid Mongoloid “Цагаан сүүдэр”, Revolution Сонголт, Bros Entertainment “Сонголт” Дэгжин нүд “Нөмрөг” E- Film “Эмээ”, У нам “Чамтай”, Цэнхэр тэнгэрийн цаана “2013”, Glow studio “Хөг”, Хасбуу “Харанхуй”, Song records “Тэр бол эмч биш”, Монгол билиг ”Оргилгүй”, Зураас багийн “Андрожин” Eye’ studio “Сахиусан тэнгэр”, ES “Friendship”, Hitmongol “Super spy 008”, Idugan “Цэцгийн хатан”, Нэг “Why ийм юм бэ?”, 18-33 “Шилжилт” 3-р тасаг “Doidy man”, Саарлууд “Box”, Script Mongolia “Амь”, Nerugen “Антибиотик”, No wonder “Weekend”, Metastory “Masked Paranoia”. Эдгээр баг, киноны нэрний ард олон хүний хөдөлмөр, сэтгэл, хүч энерги мэдрэгдсээр.
Арван гурав дахь жилдээ дэлхийн 116 хотод болж буй 48 цаг кино наадмаас удахгүй бид тодрох болно. Сэтгэл, чадвар, сэтгэлгээ нь жил ирэх бүр өссөөр байхад тэр цаг ойрхон байх нь гарцаагүй.