Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Шагнал урамшууллын ноён оргил, нэр хүндээрээ дэлхийд дээгүүрт орох Нобелийн шагналтнууд тодорлоо.

Ная хол давсан Канад зохиолч Алис Мунро, 20 гаруй жил судалгаа хийсэн Родман, Шекман, Сюдоф, үндсэн хөрөнгийн үнийн тухай судалгаа хийсэн Фама, Хансен, Шиллер, 16 гаруй химийн зэвсгийн голомтыг устгасан Химийн зэвсгээс хамгаалах олон улсын холбоо энэ жилийн Нобелийн шагналын гол дүрүүд байлаа. Эрхэм зохион бүтээгчийн гэрээслэсэн шиг чухамдаа тэд дэлхий дахинд тус нэмэр болохуйц, энхтайвны үйл хэргийнхээ төлөө нэр хүндтэй шагналыг атгасан хэрэг. Уншигч та бүхэнд энэ жилийн Нобелийн шагналтнуудыг танилцуулъя.

Нэгж атомын үнэ цэнэ

Энэ жилийн физикийн салбарт Нобелийн шагналыг Франсуа Энглерт, Петер Хиггс нар хүртсэн юм. Тэд нэгж атомын масс болон хурдацыг судалж шинжлэх ухааны нээлт хийснийхээ хариуд энэ хүндтэй шагналыг авсан билээ. Тэд энэ шагналыг авахын тулд 49 жилийн хүч хөдөлмөрийг зарцуулсан. Энглерт болон Хиггс нар өөр хэсэг эрдэмтдийн хамт нэгж атомын масс, хурдацыг судлахын тулд боломжит бүхнээ дайчилсан нь энэхүү амжилтад хүргэжээ. 1999 онд Физикийн салбарт Нобелийн шагнал авсан Жерардус Хоофт, Мартинус Велтман нар ч тэдний багт нэгдэн, судалгаа шинжилгээ хийж байсан юм. 1960-аад оны сүүлээс Энглертийн хувьд нэр хүндтэй гэх бүх шагналуудыг түүж байсан гэхэд болно. Гэхдээ хамгийн үнэ цэнэтэй шагнал нь энэ оны долдугаар сард Белгийн эзэн хааны академиас түүнд хааны гэр бүлийн хэргэм зэрэг, Барон цолыг хүртээсэн юм. “Нэгж атомы талаарх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бид шагнал авахын тулд хийгээгүй. Хэрвээ бид шагнал авахын тулд судалгаагаа эхлүүлсэн бол судалгаа эцсийг нь үзэж чадалгүй дуусах байлаа” гэж Франсуа Энглерт ярьжээ.

     Өдгөө 80 настай Белги эрдэмтэн Брюсель болон Тел Авивын их сургуульд одон орон судлалын танхимын Квантын судлагдахууны багц хичээлийг зааж байгаа аж.

Түүнтэй хамтран зүтгэсэн Петер Хиггс нь Их Британийн эрдэмтэн. Өдгөө 84 настай тэрээр Энглерттэй оюутан байх цагаасаа эхлэн судалгаан дээр хамтарч, нэгж атомын массын тухай судалгаагаа эхлүүлсэн байна. тэрээр Лондонгийн их сургуульд 25 насандаа докторын зэрэг хамгаалж байжээ. Түүний нэрээр физикийн салбарт олон теоремуудыг нэрлэсэн байдаг. Хиггсийн механизм, Хиггсийн хамгаалалт зэрэг олон теоремуудыг нэрлэсэн байдаг билээ. XX зуун гарснаас хойшхи Их Британийн хамгийн нөлөө бүхий эрдэмтнээр түүнийг нэрлэсэн байдаг. Мөн Их Британийн хатан хааны шинжлэх ухааны академиас хамгийн нөлөө бүхий 100 Британи эрдэмтдийн нэгээр түүнийг нэрлэсэн нь бий.

Шинэ судлагдахуун-Шагнал

Энэ жилийн химийн салбарт өмнө нь судлагдаж байгаагүй судалгааны ажил Нобелийн шагнал авсан. Мартин Карплус, Майкл Льют, Арие Воршель нар Химийн цогц систем хийгээд түгээмэл загварын хөгжил нэрт бүтээлээрээ химийн салбарын Нобелийн шагнал хүртлээ. Мартин Карплусын тухайд Австри гаралтай Америк эрдэмтэн бөгөөд өдгөө 83 настай, Нацистууд дэглэмээ тогтоож байх үед гэр бүлээрээ АНУ-д ирсэн цагаачдын хүүхэд юм. Тэрээр Калифорниагийн их сургуульд орсноосоо хойш химийн салбарыг сонирхон судлах болж, Нобелийн шагналд хөтөлсөн судалгаагаа 1955 оноос хойш хийж эхэлсэн байна. Түүнтэй нэгэн адил судалгаа хийж, энэ жил хамтдаа шагналын тавцан дээр зогссон Майкл Льют нь өдгөө 66 настай бөгөөд Изайль, АНУ, Британи гаралтай нэгэн. Лондонгийн хатан хааны коллеж болон Кембрижийн их сургуульд суралцаж байсан тэрээр 1980 оноос эхлэн энэ талаарх судалгааг хийж эхэлсэн байна. Шагналын тавцанд хамт зогссон Карплустай тэрээр 1999 онд танилцаж, судалгааныхаа тайланг солилцож байсан ажээ.

     Тэдэнтэй хамт нэр хүндтэй шагнал хүртсэн Арие Воршел нь Израйлд төрсөн бөгөөд хожим нь АНУ-ын иргэншэлтэй болсон нэгэн. Тэрээр Өмнөд Каролинагийн Вайцманны судалгааны хүрээлэнд суралцаж, тэндээ доктор хамгаалсан байна. Тэрээр судалгааны ажлаа 1976 оноос эхлүүлж, Харвардын их сургуульд цагаар багшилдаг байсан юм. Өдгөө тэрээр 72 настай бөгөөд төгссөн сургуульдай химийн факультетийг ахлаж байна.

Эсийн тээвэрлэлт…

Энэ жилийн Нобелийн шагналын Физиологи, Эрүүл мэндийн салбарын шагналыг Жеймс Ротман, Ренди Шекман, Томас Сюдоф нар “Эсийн тээвэрлэлтийн хурд болоод дамжих зам” нэртэй судалгаагаар хүртжээ. Жеймс Ротманы хувьд 62 настай бөгөөд Массачусетс мужид төрсөн. Иел болон Харвардын их сургуульд суралцаж, тэндээ судалгааны ажлаа эхлүүлж байжээ. 1978 онд Стенфордын их сургуульд Биохимийн талаар лекц уншиж байх үеэсээ эхлэн энэ талаарх судалгаагаа эхлүүлсэн аж. Одоо тэрээр цусны хорт хавдарыг хэрхэн намдаах, хавдарын эсийг багасгах талаарх судалгааг эхлүүлсэн байгаа юм. Түүний судалгааны зардалыг АНУ-ын эрүүл мэндийн судалгааны хүрээлэн гаргаж байгаа аж. Түүнтэй нэг өдөр шагнал авсан Ренди Шекманы хувьд Эдинбург болоод Стенфордын их сургуулийг төгссөн нэгэн. Ротманыг эртнээс таних бөгөөд эсийн талаарх судалгааны ажилд 1985 оноос хойш хамтран ажиллаж байгаа аж. Өдгөө 64 настай тэрээр Их Британийн хатан хааны академийн цорын ганц гадаад гишүүн юм. Тэрээр салбартаа байж болох хамгийн нэр хүндтэй шагналуудыг бүгдийг нь хүртсэн нэгэн.

     Томас Сюдофын хувьд Герман улсад төрсөн бөгөөд хожим нь АНУ-ын иргэншилтэй болжээ. Тэрээр Готтинген болон Макс Планкын эрдэм шинжилгээний хүрээлэнг төгссөн байна. 1980-аад оны сүүлээр судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд 1989 онд Шекман, Ротман нартай танилцаж судалгааны тайлангаа солилцдог байжээ. Тэрээр тархины невроны талаар голчлон судалдаг бөгөөд эсийн тухай цогц толь номыг гаргахаар ажиллж байгаа ажээ.

Алис Мунро Канадын бахархал

Канадын богино өгүүллэгийн мастер хэн бэ гэвэл бараг бүгд нэгэн дуугаар Мунрог нэрлэнэ. Өдгөө 82 настай буурал 20 наснаасаа хэлэн богино өгүүллэгийг орон нутгийн сонинуудад нийтэлж байсан аж. “Сүүдрийн хэмжүүр” зохиолоороо 19 насандаа Баруун Онтариогийн их сургуулийн хоёр жилийн тэтгэлэг авч байжээ. Тэрээр энэ сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцсан юм. 1963 онд тэрээр гэр бүлийн хүнтэйгээ хамтран жижиг номын дэлгүүр нээсэн байна. 1980-аад оны дунд хүртэл энэ дэлгүүр оршин тогтносон билээ. Түүний хамгийн алдартай бүтээлийг 1968 онд хэвлэгдсэн “Бүжгийн жаргалтай талууд” гэдэгтэй хэн ч маргадаггүй. Канадын өсвөр насны хүүхдүүдийн заавал унших ёстой номонд энэ номыг нэрлэсэн байдаг. 1971 онд тэрээр “Охид эмэгтэйчүүдийн амьдрал” бүтээлийг туурвисан нь АНУ-д нэлээд амжилтыг олжээ. 1970-аад оны сүүлээр түүнийг АНУ-ын томоохон сонинууд урьж, тэрээр Нью-Йоркер, Парис Ривью сонинууд ахлах редактороор ажиллаж байсан аж. Түүний “Хайрхан уруудсан баавгай” туужаас сэдэвлэн Кастл Рок студынхан бүрэн хэмжээний кино бүтээж, Оскарын шагнал, Алтан Бөмбөрцөг наадмуудад дэвшиж байсан ч “Хөгшин эрд нутаг үгүй” кинонд ялагдаж байсан билээ.

     “Энэ бол миний эцэг эхийн хүмүүжилтэй л холбоотой. Бага байхаасаа л үзэг, цаастай ханисч, сэтгэлээ онгойлгох, өөрийгөө огт өөрөөр мэдрэх тийм боломжийг үзэг, цаас хоёр маань л олгодог байсан. Гэхдээ би нэг ч бүтээлээ шилдэг болгоё гэж хичээдэггүй байсан юм шүү. Зүрх маань юу гэж хэлнэ, түүнийг тархиараа дамжуулж хүмүүст зураглахыг л хичээдэг байсан юм” гэж Алис Мунро ярьжээ.

Химийн зэвсэг устгагчид

Энэ жилийн Нобелийн энхтайвны шагналыг Их гүрний удирдагч В.Путин, хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Малалагийн аль нь ч биш Химийн зэвсгийг утсгах ажилд оройлон оролцсон гэж үзэн Химийн зэвсэгтэй тэмцэх олон улсын холбооныхонд энхтайвны шагналыг өгсөн юм. Үүнд талархаж хүлээж авах гэхээсээ илүүтэй дургүйлхсэн хүмүүс их байгаа. Олон нийтийн дийлэнх нь Малалаг болно гэдэгтэй санал нэгтэй байсан. Гэхдээ Малала хоёр дахь жилдээ олон нийтийн санаснаар болсонгүй. Ердөө 1997 онд байгуулагдсан энэ холбоо өнгөрсөн жилүүдэд чухам юу хийсэн бэ гэдгийг хэнч мэдэхгүй гагцхүү. Сирийн хямралын үеэр химийн зэвсэг байгааг илрүүлж, их гүрнүүд дахин судалгаа хийх шаардлагатай гэж сануулсных нь төлөө энэ шагналыг өгсөн байх. Яг одоогоор цацагдаж байгаа мэдээллээр дэлхийн өнцөг булан бүрт байдаг химийн томоохон лаборатори болоод зэвсэглэлийн 16 баазыг хаасан байна. Магадгүй их гүрнүүдийн тоглоом дахин нэг удаа энхтайвны шагналд орсон байж болох юм. Энэ байгууллагыг авахаас өмнө Цөмийн энергийн холбоо, НҮБ, Хүүхдийн төлөө сан, Улаан загалмай нийгэмлэг, Эмнести Интернейшнл олон улсын байгууллагууд авч байсан. Тэдний нэгэн адил түүхэнд тэд эхтайванч байгууллага болон тэмдэглэгдэх болно.

Хөрөнгийн үнэ цэнэ…

АНУ-ын эдийн засагчид энэ жилийн Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг хүртсэн.

Тэд үндсэн хөрөнгийн үнэ цэнийг судалсныхаа төлөө энэхүү шагналыг авчээ. Южин Фама, Роберт Шиллер, Ларс Петр Хансен нар энэхүү судалгааг мөн л нэлээд дээр үеэс эхлүүлсэн байдаг. Южин Фамагийн хувьд өдгөө 74 настай бөгөөд Чикагогийн их сургуульд харьяалагддаг. 1965 оноос эхлэн эдийн засгийн судалгаа бүтээлээ эхлүүлж Чикаго Трибунь сонинд эдийн засгийн нийтлэл бичиж, Харвардын их сургуульд цагаар багшилдаг байсан аж. Их Британи болон Европийн төв банкныхан энэ хүнээс хэд, хэдэн удаа зөвлөгөө авч байсан гэдэг. Петер Хансены хувьд өдгөө 60 настай Миннесота болон Ютагийн их сургуулийг төгссөн өдгөө Чикагогийн их сургуульд багшилж буй. Фамаг 1980-аад оноос мэдэх бөгөөд түүний зарим бүтээлд шүүмж бичиж, макро эдийн засгийн талаар хамтран зөвлөмж бичиж байсан удаатай. Тэрээр АНУ-ын эдийн засаг дээр баримталж буй бодлогыг эрс эсэргүүцдэг бөгөөд эдийн засгийн байж болох хамгийн муу бодлогоор замнаж байгаа гэж буруутгадаг нэгэн.

      Роберт Шиллер нь дээрх хоёр эдийн засагчийг бодвол олонд нэлээд танигдсан нэгэн. Өдгөө 67 настай бөгөөд Мичиганы их сургуулийг төгсчээ. Одоогоор Иелийн их сургуульд эдийн засгийн танхимыг ахалдаг. Шиллер 1967 оноос судалгаа эхлүүлэхийн зэрэгцээ 1981 оноос АНУ-ын эдийн засгийн судалгааны сэтгүүл эрхлэн гаргаж судалгааны үр дүнгээ олон нийтэд харуулдаг байжээ. Тэрээр 1987 оны аравдугаар сард болсон хөрөнгийн биржийн уналтыг урьдчилан харж, энэхүү хямралын дараа сэргээн босгох ажилд оройлон оролцож байсан нэгэн. Герман улсын сангийн яаманд тусгайлан зөвлөгөө өгдөг бөгөөд Евро бүсийн хямралыг хурдан арилгах бодлогыг хамт боловсруулалцаж байжээ. Түүнийг Блүүберг агентлагынхан 2011 онд дэлхийн санхүүгийн салбарын нөлөө бүхий 50 хүний нэгээр нэрлэж байсан удаатай. Тэрээр одоогоор Иелийн их сургуульд багшлахын зэрэгцээ МакроМаркетс хөрөнгө оруулалт болоод санхүүгийн зөвлөгөө өгдөг компанийг байгуулан тэргүүнээр нь ажиллаж байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж