Г.Мэнд-Ооёо: Өөрийн эгшиг

Хуучирсан мэдээ: 2013.10.20-нд нийтлэгдсэн

Г.Мэнд-Ооёо: Өөрийн эгшиг

Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн ӨӨРИЙН ЭГШИГ шүлгийг хүргэж байна. Тэрбээр "Өөрийн эгшиг" шүлгээ 2010 онд гаргасан "Зөөлөн ай" цомогтоо уншсаныг дүрслүүлжээ.

 


ӨӨРИЙН ЭГШИГ

Хээр тал минь үес үесхэн чагнархана
Хэн нэгнийг хүлээж, хэзээх цагийг анирлана
Гэрэл сүүдэр хоёр уулзаад хагацахын зуурханд
Гэтэлгэгч аялгууг хүлээж гэнэ гэнэхэн шүүрс алдана.

Тандаа намайг ирэхийн таатай нэгэн мөчлөгт
Талын уяхан эгшиг ингэ буйлж байсан,
Хэцийн салхин шувуудын жиргээг над руу илгээсэн
Хээр талын хамгийн зөөлөн аялгуунд би мэндэлсэн.

Өвгөн буурал талынхаа уя туяхан ургамал, би
Өвс бүхний шилбэнд салхин үлээж лимбэдэхэд
Үүрийн бялзуухай өглөөн удиртгал дуулж жиргэхэд
Үүлэн хөшигний цаанаас миний хүлэг янцгаахад

Хос чавхдаст морин хуур шигээ хөглөгдөж
Хорвоогийн дуут нэгэн биеэ гэдгээ мэдэрсэн
Хоршин дуулах гэж тал минь намайг дуудсан,
Хонгорхон дэрс бид хоёрыг та л хөг оруулсан.

Нуурын хөвөөгөөр адуун туурай бөмбөрдөн өнгөрөхөд
Нууцхан сэтгэлд морин хуурын хос чавхдас хөвчирч
Гадсаа тойрох өнчин цагаан ботгоны буйлаанд
Гархин эргүүлэг элэгдэхийн чимээ намайг урхидсан.

Алсын ууландаа алтан гургалдайн дуу сондгойрвол
Амгалан үдшийн сар аялгуун чимээгээр дутвал
Аялагхан зүрхнийхээ зуун утсыг хөглөөд
Ахуу их ятган аялгуугаараа аргадна, би

Сэмэрсэн салхийг нийтгэхэд дуун чавхдас болсон
Сэмхэн, намайг аав хуурдахад хуур гэдгээ мэдсэн
Хүлэг морь толгой хаялан хазаарын амгай жингэнэхэд
Хүслийн алсад морин хуурын хос чавхдас зурайсан.

Амар амгалан талынхаа аялагхан чавхдас би
Аанай л та яасхийж товшив, аясаар нь дуурсмуй
Өвгөн буурал таныхаа үүр шөнийн зүүдийг манаж
Өвсний чинь үндсэнд бүүвэйн дуу зохиож өгөмзэй!

1986 он

Эх сурвалж: http://mend-ooyo.blogspot.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж