Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг хөгжүүлэхэд АХБ-тай хамтарна

Манай улсын нийт хүн амын тал хувь буюу 1,3 сая нь хүн нийслэл Улаанбаатарт амьдардаг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр 6 хувиар өссөөр ирсэн байна. Шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа ч гэр хорооллыг хөгжүүлэх хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хангалтгүй явж ирсэн. Эдгээр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банктай хамтарч 10 жилийн  хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд зөвшөөрч, уг гэрээг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Гудамж” төсөл болон бусад бодлогын баримт бичгийн зорилтуудад үндэслэн боловсруулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж