Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.


Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжүүдийн жагсаалт гарлаа

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөц бүрдүүлэх талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

2014 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Үүнд, “НИК”, “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол”, “Монпетэкс”, “Жаст ойл”, “Ойн бирж” зэрэг 13 аж ахуйн нэгж багтжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 2013 онд аж ахуйн нэгжүүд гэрээний дагуу нийт дүнгээр 70200 тн-оос доошгүй хэмжээнд барьж байгаа бөгөөд ирэх 2014 онд 80480 тн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Нөөц бүрдүүлэх ажлыг ирэх оны 3 дугаар сарын 1-ий дотор зохион байгуулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгалаа.       

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг АХБ-тай хамтарч хэрэгжүүлнэ

Манай улсын нийт хүн амын 1,3 сая нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хотын хүн ам жил бүр 6 хувиар өссөн байна. Шилжилт хөдөлгөөний хэт өсөлт, гэр хороололд амьдрах иргэдийн тоо нэмэгдсээр байгаа ч гэр хорооллыг хөгжүүлэх хөгжлийн бодлого, дэд бүтэц, газар ашиглалтын зохицуулалт хангалтгүй явж ирсэн. Эдгээр тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банктай хамтарч 10 жилийн  хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд зөвшөөрч, уг гэрээг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас 224 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 96 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.

Хөтөлбөрийг Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “Гудамж” төсөл болон бусад бодлогын баримт бичгийн зорилтуудад үндэслэн боловсруулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Товч мэдээ:

  • Тайланд улсын Бангкок хотноо ирэх 11 дүгээр сарын 4-8-нд болох Тээврийн сайд нарын хоёрдугаар чуулга уулзалтад Зам, тээврийн сайд А.Гансүх оролцоно. Энэ үеэр Азийн Автозам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүхийн захиргааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс хуралдаан дээр гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
  • Дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Л.Болдод олголоо.
  • “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам тээврийн сайд А.Гансүхэд олголоо.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 9 дүгээр сарын 21-27-нд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж