Сонгогчдыг гар утасны нэгжээр урамшуулж байна

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Сонгогчдыг гар утасны нэгжээр урамшуулж байна

Баянзүрх дүүргийн долдугаар хорооны өнөөдөр нөхөн сонгууль нийслэлийн 97 дугаар сургууль дээр болж байна. Тус хорооны иргэдээс сонгогдон Баянзүрх дүүргийн ИТХ-д ажиллаж байсан “NBS” телевизийн захирал С.Наранбаатар өнгөрсөн хоёрдугаар сард зуурдаар нас барж, түүний суудал өнөө хэр эзэнгүй байсан билээ. Тиймээс нөхөн сонгуулийг аравдугаар сарын 19-ний өдөр буюу өнөөдөр хийхээр товлосон юм. Сонгуулийн тов хуулинд заасан хугацаандаа гарч нийтэд мэдээлэл багагүй түгээсэн ч сонгогчдын ирц тааруу байна. Өдрийн 14 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн долдугаар хорооны 18,19 дүгээр хэсгийн хороонд сонгууль өгөхөөр очсон хүн тийм ч олон байсангүй.  Сонгуулийн 18 дугаар хэсгийн хороон дарга Н.Мэндбаяр хэлэхдээ:

-Долдугаар хорооны хувьд нийтдээ сонгуулийн насны таван мянга гаруй иргэнтэй. Эдгээрийн 2423 сонгогч нь манай 18 дугаар хэсгийн хороонд хамаардаг. Эдгээр хүмүүсийн 250 нь түр хугацаагаар гадаадад оршин сууж байгаа тул түр хугацааны хасалтад оруулах жагсаалтыг Хил хамгаалах ерөнхий газраас гаргаж өгсөн. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд 2173 хүн сонгуульд оролцох ёстой. Одоогийн байдлаар /13 цагийн үед/ нийт сонгогчдын 20 хувь нь л оролцоод байна. Тиймээс танай сайтаар дамжуулан хүмүүсийг нөхөн сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийн төлөөллөө дүүргийн ИТХ-д сонгохыг уриалж байна гэлээ.

Сонгогчид нөхөн сонгуульд хойрго хандаж байгаа учир сонгуулийн хэсгийн хорооноос сонгуулиа өгсөн иргэдийг 2000 төгрөгийн нэгжээр урамшуулж байв. Тус хорооны 18,19 дүгээр хэсгийн хорооны нөхөн сонгуульд гурван намаас нэр дэвшүүлсэн байна. АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус хороонд нэр дэвшиж байсан залуу бизнесмэн Э.Бат-Амгалан, улс төр судлаач Л.Эрдэнэтуул нарыг нэр дэвшүүлсэн байна. Сонгогчдын ирц 50 хувьд хүрч байж нөхөн сонгуулийг хүчинтэйд тооцох бөгөөд нэр дэвшигчдээс хэн олон санал авсан нь дүүргийн ИТХ-д суух эрхтэй болох юм.   Нөхөн сонгууль 22 цаг хүртэл үргэлжилнэ.

Д.ЦЭЭНЭ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж