
-Долдугаар хорооны хувьд нийтдээ сонгуулийн насны таван мянга гаруй иргэнтэй. Эдгээрийн 2423 сонгогч нь манай 18 дугаар хэсгийн хороонд хамаардаг. Эдгээр хүмүүсийн 250 нь түр хугацаагаар гадаадад оршин сууж байгаа тул түр хугацааны хасалтад оруулах жагсаалтыг Хил хамгаалах ерөнхий газраас гаргаж өгсөн. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд 2173 хүн сонгуульд оролцох ёстой. Одоогийн байдлаар /13 цагийн үед/ нийт сонгогчдын 20 хувь нь л оролцоод байна. Тиймээс танай сайтаар дамжуулан хүмүүсийг нөхөн сонгуульдаа идэвхтэй оролцож, өөрсдийн төлөөллөө дүүргийн ИТХ-д сонгохыг уриалж байна гэлээ.
Сонгогчид нөхөн сонгуульд хойрго хандаж байгаа учир сонгуулийн хэсгийн хорооноос сонгуулиа өгсөн иргэдийг 2000 төгрөгийн нэгжээр урамшуулж байв. Тус хорооны 18,19 дүгээр хэсгийн хорооны нөхөн сонгуульд гурван намаас нэр дэвшүүлсэн байна. АН-аас Баянзүрх дүүргийн АН-ын Тамгын газрын дарга Ш.Ганчимэг, МАН-аас өмнө нь тус хороонд нэр дэвшиж байсан залуу бизнесмэн Э.Бат-Амгалан, улс төр судлаач Л.Эрдэнэтуул нарыг нэр дэвшүүлсэн байна. Сонгогчдын ирц 50 хувьд хүрч байж нөхөн сонгуулийг хүчинтэйд тооцох бөгөөд нэр дэвшигчдээс хэн олон санал авсан нь дүүргийн ИТХ-д суух эрхтэй болох юм. Нөхөн сонгууль 22 цаг хүртэл үргэлжилнэ.

