Хөвөн хураалтаас болж зугтжээ

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Хөвөн хураалтаас болж зугтжээ

Хөвөн хураалтын төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй гурван узбек фермер тус орноос зугтсан тухай «Радио Озодлик» (узбекийн «Чөлөөт радио» станцын салбар) радиогийн мэдээнээс ишлэн CA-NEWS сайт дамжуулжээ.


Хөвөн хураалт.
Фото: Шамиль Жуматов / Reuters

Радиогийн нэрээ нууцалсан эх сурвалж тэдний нэрийг дурьдсан байв. Тэд Каракалпакстаны Турткулийн районы фермерийн гурван аж ахуйн дарга  Мухтар Бекимбетов, Анвар Исмоилов, Хамиджон Мирзаев нар гэнэ. Долоо хоногийн өмнө тэд эх орондоо шоронд сууна гэж айгаад Орос, Казахстан руу явсан байв. Эх сурвалжийн мэдээгээр тэд хөвөн цуглуулах нормоо 30-40 хувиар биелүүлсэн байна.

Районы хокимиятын (захиргаа) нэрээ хэлэхийг хүсээгүй албан тушаалтан тэднийг ажилдаа байхгүй гэжээ. Гэхдээ Исмоилов,  Мирзаев хоёр “Ташкентад байгаад эргэн ирнэ” гэж тэр мэдэгдсэн байв. Радиогийн эх сурвалжийн мэдээллээр өмнө нь ийм зүйл гардаг байсан гэнэ. “Өнгөрсөн онд фермер Максуд Бобожонов дарга нарынхаа доромжлол, гар хүрэлтийг тэвчиж чадалгүй Орост зугтан гарсан” тэр эх сурвалж хэлжээ. Мөн хөвөн тарихын оронд өөр ургамал тариалж, хөвөнгийн суулгацаа гүйцэтгээгүй гээд Хусанбой, Курбондурди гэдэг хоёр фермерийг шоронд суулгасан байжээ.

Узбекистан жилдээ 3,5 сая тонн хөвөнгийн түүхий эд, нэг сая тонн хөвөнгийн утас үйлдвэрлэдэг. Эдгээр бүтээгдэхүүний экспорт нь тус оронд хэдэн зуун сая доллар авчирдаг. Хөвөн хураалт есдүгээр сард эхлээд намар орой болтол үргэлжилдэг. Хөвөн хураалтын төлөвлөгөөг тасалсан фермерүүдийг торгодог ба заримдаа эрүү үүсгэн шоронд суулгадаг ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж