Олборлолтоо нуугаад л байх уу?

Хуучирсан мэдээ: 2013.10.19-нд нийтлэгдсэн

Олборлолтоо нуугаад л байх уу?

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага (ОҮИТБС)-ыг манай улс нэвтрүүлээд зургаан жил болж байна. 2006 онд анх гаргасан ил тод байдлын судалгаанд 200 сая төгрөгөөс дээш татвар,  төлбөр, хураамж  төлсөн 84 компанийн аудитын тайланг нэгтгэн  гаргажээ. Тайланд тайлбарлагдаагүй зөрүү 25 тэрбум төгрөг болж, 21 тэрбумын зөрүүг Сангийн яамнаас тайлбарласнаар үлдэгдэл зөрүү дөрвөн тэрбум болсон байдаг. Өөрөөр хэлбэл олборлолт явуулсан компани Засгийн газар хоёрын мэдээлэл ийн алд дэлэм зөрж байж. Дараа дараагийн жилүүдэд  зөрүү тэрбумаар бус саяар хэмжигдэх болжээ. 2007 онд 38 компанийн тайланг нэгтгэснээс 775 сая төгрөгийн зөрүү гарчээ. Харин  2008 оноос нэгтгэлд хамруулах босгыг 100 сая төгрөг болгон бууруулж 46 томоохон компанийг хамруулснаар 425 сая төгрөгийн зөрүү гарсан байх юм. 2009 онд 58,1 сая төгрөг, 2010 онд  356 мянган төгрөг болон буурчээ. 2011 онд 75 сая төгрөгийн зөрүү гарсан бол өнгөрсөн оны тайланг энэ оны сүүлчээр гаргах юм.

ОҮИТБС-ын ажлын албанаас жил тутам тайлан гаргах аж ахуйн нэгж, компанийн тоог нэмэгдүүлэх үүднээс татвар, төлбөрийн босгыг багасгах бодлогыг барьж буй ажээ. Өнгөрсөн онд уул уурхайн салбараас 40 сая төгрөгтэй тэнцэхүйц татвар хураамж төлсөн 200 компанийн тайлан, тэрхүү мөнгийг нь авч ашигласан Засгийн газрын тайлбар удахгүй тодорхой болно. Хэдий хэр олон компани улсад өгч буй төлбөрөө ил тод болгохын хэрээр тэрхүү мөнгөний зарцуулалтад хүмүүс  анхаарах нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл төсвийг шилэн түрийвч болгон өөрчлөх нэг эхлэл нь энэхүү тайлан байхыг үгүйсгэхгүй. Гэвч тайланг эгэл жирийн иргэд болон эрдэмтэн судлаачид, оюутан залуус гээд хэн сонирхсон хүн авч ашиглах боломж хэр байна вэ гэдэг нь бас чухал юм. ОҮИТБС-ын ажлын албаныхан жил тутам 3-7 кг жинтэй томоос том ном бүтээдэг. Гэтэл хүч хөдөлмөр гарган бүтээсэн эл тайланг хэн ч ашиглахгүй он жилийг үдсээр байгаа нь хамгийн харамсалтай. Уг нь төсөв хэтэрлээ, уул уурхайн ашиг хүмүүст хүрэхгүй байна гэхчилэн шүүмж урсгадаг хүмүүсийн хувьд энэхүү тайлан гарын авлага болох нь мэдээж юм.

Энэхүү тайланд албан ёсны төлбөр хураамжаас гадна байгаль орчныг хамгаалахад зарцуулсан хөрөнгө, орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэгт өгсөн хандив, дэмжлэгийг ч мөн багтаадаг. Тэгэхээр олборлогч компаниудын хувьд зардлаа хянахад ч ихээхэн дөхөм болох нь мэдээж.  Жил тутмын тайланд хоёр талаас гаргасан мэдээллийн зөрүү багассаар байгаа нь манайхан тайлан гаргаж сурч байгааг гэрчилж буй юм. Гэхдээ манайд бүх зардлыг үнэн зөв тайлагнах жишиг тогтоогүй, албан ёсны төлбөр хураамжаас гадна төрийн албан хаагчдад атгуулсан   хахууль, авлига ханцуй дотор явдаг гаж тогтолцоо бий. Тэрхүү наймааг ил гаргах хүсэл зориг олборлогч компаниас ч гарахгүй. Тиймээс энэхүү тайлангаар албан ёсны хураамж, татвар л ил тод болж байгаа юм.

 Олборлогчид нь үнэн зөв мэдээлж, ашиг орлогоос хүртэгчид нь ч авснаа хүлээдэг болгох үүднээс “Төлсөн авснаа нийтэл (ТАН)” төрийн бус байгууллага ч бий болоод байгаа юм. ТАН төрийн бус байгууллагаас уг тайланд уул уурхайн чиглэлийн бүх компаниуд хамрагдахгүй байгааг, мөн бүх төрлийн төлбөрийг тусгахгүй байгааг шүүмжилдэг. Цаг хугацааны хувьд ч тайлан дэндүү оройтож гардаг. 2012 оны тайлан л гэхэд өнөөг хүртэл гараагүй байгаагаас хэрэглэгчдийн гарт очтолоо бүтэн хоёр жилээр хоцорч байдгийг мөн хэлж байлаа. Түүнчлэн компаниуд тайланд хамрагдахдаа хойрго байгааг мартаж болохгүй. Өнгөрсөн зургаан жилийн тайланд тасралтгүй хамрагдсан компани 6,3 хувийг эзэлж байгаа нь чамлалттай. Түүнчлэн тайлангаар илэрсэн зөрүүг хэн хариуцах нь тодорхойгүй анхны тайлангийн зөрүү нь өнөө хүртэл шийдвэрлэгдээгүй иржээ.

Түүнчлэн тайланд хамрагдсан нийт компаниудад аналик хийхэд ТОР гэсэн тодотголтой 10 компани л нийт төлбөрийн 87 хувийг бүрдүүлсэн байдаг ажээ. Тиймээс энэхүү ТОР-уудад гол анхаарлаа хандуулж, эдгээрийн хувьцаа эзэмшигчдийг ил тод зарлах, тэдний нийгэмд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлж, орон нутгийн хөгжилд илүү анхаардаг болгох зэрэг саналыг ТАН ТББ-ынхан боловсруулжээ.

Анголоос анх эхэлсэн энэхүү ил тод байдлын санаачлага 2000 оноос дэлхий нийтэд түгсэн ч манай улс харьцангуй амжилттай хэрэгжүүлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Уул уурхайн олборлолт болоод тэндээс олж буй орлого, түүнээс нь хэн хэдий хэрийн хөрөнгө мөнгө хүртэж байгаа талаарх бүхий л мэдээллийг ил тод болгох зорилго бүхий эл төсөл Монголд л лав бусад олон олон төсөл хөтөлбөр, санал санаачлагуудаас хамгийн эрчимтэй хөгжсөн, бас чиг хүчээ авсан ганц хөтөлбөр гэж болох юм. Учир нь хэрэгжиж эхэлсэн жилээсээ л иргэний нийгэм болоод олон нийтийн дэмжлэг хүлээсэн төдийгүй Ашигт малтмалын хуулинд багахан ч бол зай эзлээд амжсан, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийг нь Ерөнхий сайд тэргүүлдэг гээд тоочвол давуу тал их  бий. Байгалийн баялаг, газрын хэвлийн нөөцөө ашигладаггүй улс орон гэж байхгүй хэр нь ОҮИТБС-ыг хэрэгжүүлдэг 40 орон л байдаг ажээ. Тэдгээрийн 16 нь нэр дэвшигч улс бол 24 нь даган мөрдөгч улс юм. Харин манай улс бол “Шаардлагыг бүрэн хангасан орон” болж чадсан. Цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийг далимдуулан сүүдэр даган хөгжиж буй ханцуй доторх наймааг ил тод болгочихвол жинхэнэ шаардлага хангасан орон болох билээ.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж