&#34FIFA 2014&#34-ийг албан ёсны эрхтэйгээр мэдээлнэ

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

&#34FIFA 2014&#34-ийг албан ёсны эрхтэйгээр мэдээлнэ

Хүн төрөлхтөний их баяр цэнгэлийн наадам хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 237 хоног үлдээд байна. Энэ цаг мөчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх ширүүн тулаанууд болсоор 21 улсын шигшээ баг алтан дагина цомын төлөө тоглох нь тодорхой боллоо. Үлдсэн 11 эрхийн төлөөх тулаан ногоон талбайд үргэлжилж, ирэх сарын сүүлээр FIFA 2014- 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх 32 багийн нэрс тодорхой болох юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа 2013 оны 12-р сарын 06-ны өдөр Бразил улсад явагдаж, дэлхийн шилдэг 32 баг хэрхэн таарч болохыг бид харах цаг ойртжээ. Харин энэ бүхнийг Монголын хөл бөмбөг сонирхогчдодоо ETV-HD телевиз онцгой эрхийн дагуу хүргэх билээ.

ETV-HD телевиз онцгой эрхийнхээ хүрээнд шууд дамжуулах, худалдаалах, радиогоор дамжуулах, хэвлэл мэдээлэл, интернэт, мобайл гэх цогц эрхийг авсны хүрээнд хэдхэн хоногийн өмнө Монголын сайтын холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бол өнөөдөр Монголын өдөр тутмын сонины холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Сайт, сонины холбоотой хамтран ажиллах нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын хөл бөмбөг сонирхогчдод хүртээмжтэй хүргэх гол зорилготой билээ. Өнөөдөр хамтран ажиллах гэрээнд ETV-HD телевизийн Ерөнхий захирал Ц.Энхбат , Монголын өдөр тутмын сонины холбооны ерөнхийлөгч С.Гантогоо нар гарын үсэг зурав. 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бүхий л мэдээ мэдээлэл албан ёсны эрхтэйгээр Монголын өдөр тутмын сонины холбооны  бүхий л сонинуудаар дамжин уншигчдад хүрэх үүд хаалга ийнхүү нээгдлээ.

Эх сурвалж: www.noyon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж