Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

“Гоё” бизнес

Ямар ч өрсөлдөгч байхгүй, бас гомдол тавих хэрэглэгч үгүй, тэгсэн мөртлөө мөнгө нь шууд төлөгдөж байдаг, жилийн дөрвөн улиралд эргэлдэж байдаг бизнестэй бол гоё уу? Бүтээгдэхүүн нь зарагдахгүй, шатчихвал яана, өөр өрсөлдөгч гарч ирээд илүү сайныг хийгээд зах зээлээс шахвал яана гэж санаа зовох огт хэрэггүй. Энэ хорвоод байхгүй энэ гоё бизнесийн тод жишээ хогны ногоон уут. Улаанбаатар хотын айл бүрт сар бүр 15-ыг үнэгүй өгнө, мөнгийг нь хотын захиргаа төлнө. Бас албан байгууллага бүрт зарна. Авахгүй бол хогийг чинь ачихгүй гээд дарамталчихна. Энэ жил гэхэд 17 тэрбум төгрөг зарцуулж байгаа гэсэн. Хэдэн сургууль, хэдэн цэцэрлэг барих бол… Та тооцоолоод үзээрэй.

Бас мөнгө төлөгч байгууллага нь хэзээ ч уут чинь чанаргүй байна гэж гомдол гаргахгүй. Мэдээ хэрэг үнэгүй авч байгаа айл өрхүүд хэзээ ч түүнийг нь муулахгүй, мууллаа гээд ч яах билээ, дээрээс хүчээр өгчих юм чинь. Угаас чанар, хэрэгцээ, шаардлага ярилгүйгээр мөнгө төлж чаддаг “байгууллага” ганцхан төр л байдаг юм хойно.

Ийм нэг сайхан бизнес хийж байгаа хүмүүст үнэхээр атаархах юм аа. Яавал ийм гоё бизнестэй болох вэ?

Ер нь тэгээд энэ Монгол Улсад зөвхөн төртэй холбоотой бизнес л цэцэглэн хөгжиж байгаа биш үү?

А.ТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж