Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл хийлээ. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхлэгч 13 компанид арилжааны банкаар дамжуулан 192.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Үүнээс “Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татсан байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд компаниуд арилжааны банктай форвард хэлцэл хийж, валютын ханшийн эрсдэлийг бууруулсан. Идэвхтэй байгаа болон төлбөр тооцоо хийгдсэн нийт 703.0 тэрбум төгрөгний форвард хэлцэл хийсэн байна.

“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед буюу 2012 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 33.551 тонн шатахуун байсан бол энэ сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд нийт нөөц 86.220 тонн болж 2.5 дахин өсчээ.

Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод “Жаст Агро” ХХК, Дархан хотод “Баатрууд тэнгэр” ХХК, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК-ийг нөөцийн махны менежерээр сонгон шалгаруулж, хэрэгжилтийг хангаж ажилласан байна. Гэрээ байгуулсан нөөцийн махны менежер компаниудад махны нөөц бүрдүүлэхэд зориулж 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон бөгөөд олгогдсон зээл бүхэлдээ компаниудаас банкинд, банкнаас Монголбанкинд бүрэн төлөгдсөн юм байна. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 11.446.1 тонн махны нөөц бэлтгэснээс Дархан-Уул хотод 1,025.1 тонн, Эрдэнэт хотод 1,016.1 тонн мах нөөцөлж, нийт нөөцийг 100 хувь борлуулжээ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны аравдугаар сараас энэ оны долдугаар сарын хооронд махны дундаж үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс 2 дахин бага байсан тухай энэхүү мэдээлэлдээ онцоллоо.

Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд "Амьдрал дээр бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүнийг Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой" гэж шүүмжилснээр Засгийн газрын цаг өндөрлөв.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж