“Би чамайг л хүлээдэг”

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

“Би чамайг л хүлээдэг”

Би чамайг өглөө ажилдаа явах, орой гэртээ харих бүртээ болзсон газраа хүлээдэг. Зуны бороонд норон, өвлийн хүйтэнд жиндэх ч зөвхөн чамайг ирэхийг хүлээдэг. Заримдаа чи түрүүлээд болзсон газраа ирэх ч намайг огт тоолгүйгээр орхиод оддог. Бүр чиний хойноос унан тусан, гараараа даллан гүйнэ. Харин чи харсан ч хараагүй мэт аашлан намайг орхин явдаг. Тэгээд л би дахиад чамайг удахгүй ирнэ гэж найдан болзооны газраа хүлээнэ. Чамайг хэзээ ирэхийг би мэдэхгүй. Учир нь чамд болзсон газартаа уулзах тогтсон цаг хугацаа гэж үгүй.

Ингээд удаан хүлээсний эцэст чи арайхийн ирнэ. Гэвч өглөө, оройд чиний орон зайд би багтахгүй үлдэх нь бий. Тэгээд л дахин ирэхийг чинь хүлээх шаардлага гарна. Маргааш нь, нөгөөдөр нь, түүний маргааш гээд бүхий өдөр чамайг хүлээдэг. Гэвч чамайг хэзээ нэгэн цагт болзсон хугацаанд ирж, намайг болон бусдыг хүндэлдэг болно гэж үүнийг бичиж сууна. Заримдаа чамайг хүлээхээс залхан, намайг байнга хүлээж, хоол нэхэн зогсох нэгнийг сонгох ч их хотын түгжрэл харилцааг минь хөндийрүүлдэг. Тэгээд л чамайг хүлээхээс өөр аргагүйд хүрнэ.

Хүлээлт цөхрөлөөр солигдох ахуйд чи ирнэ. Чамайг хүлээсэн. Олонтой өрсөлдөнө… Чиний орон зайд ороход  ээж чинь  хэтэрхий ааштай, 

-Баян уу? Тэгвэл мөнгөө өг. Цаашаа яваач…гээд байнга загнана. Харин аав чинь хааяахан тамхиа нэрж, дуугүй сууна. Гэсэн ч цаагуураа л нэг чадсан шинжтэй намайг байнга урагш, хойш чангаан “савчуулна”.

“Аль насанд үйлдсэн үйл лайгаа одоо ингэж үүрч байгаа юм бол доо” гэхээсээ илүүтэй “Зохицуулаад өгдөг ч болоосой ” гэж өглөө, оройд чамайг хүлээхдээ бодох юм. Заримдаа ч бүр олны хөлд дарагдах шахан явахдаа “Зохицуулаад өгөөч, Ч.Энхбат аа” гээд л хашгирмаар болох юм. Гэвч “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг үгтэй. Олны дунд “Автобус хүлээж, хүлээж нэг юм дотор нь багтана. Багтсан хойноо ур чадвар муутай жолоочийн ухалзуулах бүрт уначих шахна. Ууртай кондукторт дарамтлуулна. Залхаж гүйцлээ” гээд хашгиралтай нь биш. Чимээгүйхэн чихэж ороод л “Май эгч ээ, мөнгөө аваарай. Хариултаа авчих уу урагшаа явах гэсэн юм эгч ээ” гээд л кондукторт долигнох нь халаггүй юм болох юм.

Хэрвээ автобус чамайг тогтсон цагтаа буудал дээрээ ирдэг байсан бол хүмүүст хичнээн амар байх бол доо.

Даваа гаригт чамайг дахиад л хүлээнэ. Мягмар, лхагва, пүрэв, баасан гаригуудад мөн хүлээнэ. Учир нь чи болзсон цагтаа ирэхгүй.    

Б.ОЙНБИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж