Та нарыг сонсмоор байна

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Та нарыг сонсмоор байна

Өнөөдөр дуу сонсмоор өдөр байна. Морин хуур, “Сэрсэн тал” сонсч байснаа гэнэт “Хоёр хүү”, “Дайн ба Энх”, тэгснээ “Булсара”, Daisy-г сонслоо. Өнөөдөр жинхэнэ “галзуурмаар” өдөр байна. Амьд хөгжим сонсмоор байна. Амьд тоглолт үзмээр байна. Гэтэл тэд хаана байна вэ? “Маднесс” хаа байна. “Булсара” хаа байна. Daisy, Ганг, “Чоно”, “Fire”, "Night Train", Отгоо та нар хааччихсан юм бэ?

Та нарын дууг, та нарыг авьяасыг хааяа хачин ихээр санан, хайрладгаа өнөөдөр илчилмээр санагдав.

Монголд олон хамтлагууд төрж байна, бас тарж байна. Гэхдээ рок поп урлагт та нарын хэмнэл, та бүгдийн аялгуу, дуу хоолой дутагдаж байна. Нийтийн дууны тоглолт, нийтээрээ оролцдог цугларалтуудаас залхмаар. “Хуучны” хип хоп дуунд доргиж, сонсч мэдэрч өссөн үеийнхэнтэйгээ дуулж, гоё амьд мэдрэмж төрүүлдэг та нартай хамт “нисмээр” байна. Хэлбэрдэлтгүй, хуурамчгүй та нарыг хүлээж байна.

Нэгэн залуу их даруухан бас дөлгөөхөн
Нэг л өдөр тэр надад бусдаас өөр харагдсан
Нэг л дотно зүйл зүрхэн тушаа мэдрэгдсэн
Нэг л итгэхгүй өөрийгөө би чагнасан…

Альтернатив Отгоогийн “Нэгэн залуу”-г, тэрэн шиг гоё ритмтэй дуу, чиний хоолойны өнгө, тас хараар будсан уран нүдийг чинь ч санаж байна.

Daisy, Daisy, Daisy… “Мөрөөдлийн төгсгөл” дуундаа клип хийлгэх гэж байгаа гэсэн. Бас л хүлээж байна. Ганг, та хоёрын авьяас сэтгэл догдлуулсан олон дуу төрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.  

Ээ, бүү гунигла
Сунадаг шат надад бий
Цэнхэр торгон утсыг хөвөөд
Хоёул хамтдаа тэнгэрийн үүдийг хөвье
Гараас минь хөтлөөч
Өнөөдөр би оёдолчин
Өглөөний шүүдрийн дусал бүрийг
Мэдрэх гэсэндээ улгүй шаахай нэхлээ….
/Daisy: Мөрөөдлийн төгсгөл/

“Маднесс”…
Үгүйлж байна. Та нарын тоглолтыг хүлээсээр л байна. Өнөөдөр “Зочин”-г зөндөө сонслоо. Та нарыг тоглолтоо хийж, зочдоо урихыг "шаардаж" байна.

Намайг авахаар намар ирлээ
Үзэсгэлэнт сайхан намар ирлээ
Зөөлөн бороотой ирлээ явья аа
Чиний ээлж ирлээ гэлээ

Надруу зальтай мишээх юм аа
Цонхоор орж ирдэг сонин зочин юм
Гараас минь зөөлөн барих юм
Салах ёс хийсэн үү?
Тэгвэл одоо явья аа…

Тийм ээ, яагаад ч юм яг та нарыг л сонсмоор байна. “Харанга”, “Хурд”, “Никитон” гурваас “залхуу” байж болохгүй шүү, манай үеийнхээн. Шинэ дуу хий. Авьяасаа бүү гандаа. Тоглолтоо хий. Тэсэр. Тэгээд та нарын аялгуугаар амьдралаа хөглөдөг, сэтгэлдээ жигүүр ургуулдаг биднийг баярлуул л даа.

Өнөөдөр би “Хоёр хүү”-г сонсоод олон жилийн өмнөх цаг хугацаагаар зочлоод ирлээ. Өнөөдөр би “Булсара”-г сонсч, өдөр тутмын хэмнэл, хэвшсэн бодлоо чөлөөлж чадлаа. Харин одоо хайрын тухай цоо шинэ дуу аялмаар санагдаж байна. Тэрийг хэн дуулах бол, хүлээж байна. Шууд сураад дуулмаар байна…

Б.ИРМҮҮН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж