Хөрөнгөжсөн хятад буюу шинэ ”тэжээгч”

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Хөрөнгөжсөн хятад буюу шинэ ”тэжээгч”

Хөрөнгөжсөн Хятад. Дэлхийн хоёр дахь зузаан түрийвч. Одоо тэд зөвхөн бус нутагтаа биш дэлхий рүү хандах болсон. Дэлхийн улсууд ч Хятад руу хошуурах  болсон. АНУ-д хамгийн их хөрөнгө оруулсан улс нь Хятад, Европийн холбооны хоёр дахь томоохон хандивлагч орон. Африк болон Азийн бүсийн хамгийн том хандивлагч нь Хятадууд. Евро бүс бодлогын томоохон төсөл хөтөлбөрүүдэд Хятадтай хамтрахаар чармайж байгаа. Ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэхээр болсон. Үр дүн нь хэнд ашигтай гарах вэ? Мэдээ Хятадад.

Будант албион тэдний араас

Энэ жилээс эхлэн Их Британичууд “ув улаан” Хятад руу улайрч эхэлсэн. Тэд эхлээд зөвхөн хэлэлцээрийн төдийд л “хамтарч” байлаа. Сүүлийн арван жилийн турш Их Британи бусад улсаас, тэр дундаа азийн улсаас тусламж хүсч байсан удаагүй. Харин энэ жилээс эхлэн Хятад руу улайран “дайрч” эхэллээ. Одоогоос сарын өмнө Лондон хотын захирагч Хятадад зургаан хоногийн хугацаатай саатсан. Энэ хугацаанд тэр юу амжуулсан бэ? Нэн тэргүүнд “Болор Шилтгээн”-ийг сэргээх ажилд Хятадаар туслуулахаар болсон. Хятадын барилга угсралтын томоохон компани гэгдэх “Жодонг” групп 500 сая фунтын үнэ цэнээр энэхүү ордныг барихад тусална. Дараагийн том алхам гэвэл Лондонгийн өмнөд хэсэгт байх нисэх онгоцны буудлыг тохижуулах ажилд Хятадын дэмжлэгийг авсан явдал. Роял Алберт Докын барилгыг шинэчлэн барих ажилд нэг тэрбум фунтыг Хятадаас салгаж чадлаа. Манчестер хотын нисэх буудлын томоохон цогцолборыг ч тэд 800 сая фунтээр шинэчлэх ажилд гар бие оролцохоор боллоо. Их Британичууд яагаад хошуурч, Хятадууд яагаад тэдэнд гуйсан хэмжээгээр нь олгоод байна вэ? Энэ бол тодорхой. Европдоо чанд хатуу байр суурьтай гэгдэх Их Британыг түншээ болговол Европ руу чиглэсэн тэдний худалдааны хаалга цэлийтэл нээгдэнэ гэж харж болох талтай. Хятадын зүгээс ямар нэгэн тайлбар мэдээ хийгээгүй ч Будант Албион ойрын 20 жилд Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэл барина ажиллахаар болжээ.

Европ ч гэсэн…

Асуудал нь овоо цэгцэрч байгаа буурал тив ч дорнын “ув улаан” нутгийн зүг рүү хараа сунгаж эхэллээ. Одоогоор албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй байгаа. Олон нийтэд мэдэгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд дээр тогтож ярьвал маш том тоо гарах нь ойлгомжтой. Европийн цөмийн энергийн холбоо Хятадтай хамтарч ажиллахаар хөөцөлдөж байгаа. Мөн европийн Финлянд, Норвеги зэрэг улсад ашигт малтмалын судалгаа хийх ажилд хөрөнгө оруулахыг хүсч буй. Мөн дахин боловсруулах үйлдвэрийг зүүн европийн орнуудад хэрхэн барих талаар зөвлөгөө авч, хөрөнгө оруулалтыг мөн л хүсч байгаа. Хамгийн том зүйл нь гэвэл зүүн европийн эдийн засгийн төв, үйлдвэрийн цогцолборыг барих ажилд Хятадын ЗГ-ыг татан оролцуулах явдал. Евро парламентын зүгээс евро бүсийн улсуудыг дархлаатай болгох үүднээс зүүн европод томоохон үйлдвэр барих ёстой гэж үзэж байгаа. Тиймээс нэн даруй Хятадыг урвуулж чадвал томоохон хөзөр тэдний гарт орж болох юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд европийн холбоонд 20 гаруй тэрбумаар тоологдох еврогийн тусламж үзүүлсэн албан бус судалгаа бий. Гэхдээ евро бүс ч гэсэн ирэх 10 жилд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэхийг хүсч байгаа.

АНУ…

АНУ-ын төрийн далбаа төдийгүй, томоохон албадын хувцасыг Хятадад үйлдвэрлэдэг. Тиймээс хамгийн том хандивлагч улс нь яах аргагүй хятадууд. Тиймээс саяхан цуцлагдсан түр зогсолт сөргөөр нөлөөлсөн улс нь Хятад. Тэд 30 гаруй тэрбум авлагатай. Сүүлийн жилүүдэд цэрэг, зэвсэглэлийн салбарт хамтран ажиллаж байгаа. АНУ тэдэнд нисгэгчгүй хэд, хэдэн онгоц, алсын зайнаас мэдрэх төхөөрөмж зэргийг тусгайлан нийлүүлдэг. Мөн аж үйлдвэр болоод уул уурхайн салбарт тэдэнтэй хамтардаг. Мартаж болохгүй нэг зүйл гэвэл цөмийн зэвсэг болоод цэнэгт пуужингийн салбарт ч хамтран ажилладаг. Энэ бүхэн тодорхой болоод таван жилийн нүүрийг үзжээ. Хэрвээ энэ байдлаараа байвал 10 жилийн дараа АНУ-ыг Хятад гүйцэж түрүүлэх нь тодорхой болсон.

Анх 10 жилийн өмнөөс хамтрах болсон хоёр гүрэн жил бүр ямар нэгэн гэрээ болон бодлогын чанартай арга хэмжээг санхүүжүүлсээр байгаад өдгөө 30 тэрбумын авлагатай болоод байгаа билээ. Түүнээс өмнө нь гэвэл хүйтэн дайны төмөр хөшиг тэднийг тусгаарлаж, тусламж авах нь битгий хэл, дипломат харилцаа ч байгаагүй юм. Сүүлийн 10 жилд л хоёр талын худалдааны салбарт хамтран ажиллах явдал эрчимжиж, одоо АНУ-ын томоохон хандивлагч болж хувирсан билээ.  АНУ-ын засаг захиргааны зүгээс ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж, илүү өргөн хүрээнд ажиллах сонирхолтой буйгаа мэдэгдсэн. Гэхдээ Хятадууд зангарагтай хариулт өгсөн юм шүү. “Эхлээд 30 тэрбум аа төл” гэж.

Бүр том…

Дээр дурьдсан Их Британичууд түүхэндээ анх удаа дорнын улсаас цөмийн энергийн салбарт тусламж хүссэн. Их Британийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан канцелор Жорж Осборн удаан хэлэлцээрийн дүнд цөмийн эрчим хүчний салбарт Хятадаас хөрөнгө оруулалт босгож чадлаа. Хятадын тал эхний ээлжинд Их Британид 14 тэрбум еврогийн туслалцаа үзүүлж, Хятадаас ажилчдыг будант албион руу хүргэнэ. Тэд барилгын ажилд 60-аас илүү хувийг Хятад ажилчид байхаар гэрээ байгуулсан бөгөөд барилгын дараах татварын асуудлыг ч өөрсдийн талд нааштайгаар шийдэж чаджээ. 2015 оны дунд гэхэд атомын цахилгаан станц ашиглалтад орно гэж тооцоолж байгаа.

Хятад улсад одоогоор 17 цөмийн реактор байдаг гэсэн тооцоо бий. АНУ-ын Тагнуулын төв газрын судалгаагаар ердөө 1 хувь нь эрчим хүчний хэрэгцээнд ашиглагддаг ажээ. Цөмийн зэвсэглэлд ашиглагдах гэж байгаа гэсэн хардлагыг томоохон гүрнүүд гаргадаг ч олон улсын тавцанд ямар нэгэн зүйлийг Хятадууд хэлж байгаагүй. Тэд бид өсөн тэлж байгаа хүн амаа цахилгаанаар хангахын тулд цөмийн эрчим хүчийг ашигладаг гэж мэтгэдэг. Гэхдээ үнэхээр цөмийн зэвсэг үү, атомын цахилгаан станц уу гэдгийг хэн ч тогтоож байгаагүй. Саяхан Нобел авдаг Цөмийн зэвсгээс хамгаалах олон улсын холбоо ч гэсэн тэр чадаагүй юм шүү.  Цөмийн эрчим хүчний салбарт зөвхөн “будант албион” ч биш европийн бусад томоохон гүрнүүд хамтран ажиллах сонирхолтой байгаа.

Хүн ам нь эрчимтэй өсч байгаа ч дэд бүтэц, эдийн засаг, аж үйлдвэр гэхээр зүйлгүй африк тивд ч Хятадын тусламжийн гар очсон. Этиоп, Намиб, Кени зэрэг улсын уул уурхайн салбарт хамтрахаар болсон бол бүс нутгийн тэргүүн гэгддэг Өмнөд Африктай эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болсон. Хэдийгээр тэд Египеттэй хамтран томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байсан ч тус улсад үүссэн эмх замбараагүй байдлаас болоод хамтарч чадаагүй. Ирэх онд дахин хэлэлцээр хийх талаар ярьж байгаа ч одоо тодорхойгүй байгаа билээ.

Ийнхүү нэгэн цагт дэлхийн хамгийн хаалттай улс байсан Хятадууд мөнгөө цацаж эхэллээ. Их гүрний амбицийг гаргаж эхэллээ. Тэд саяхан юанийн ханшийг тогтвортой хадгалахын тулд Европийн төв банктай 57 тэрбум доллартай тэнцэх свап хэлэлцээр хийсэн. Ингэснээр юанийн ханшийг тогтвортой барьж, дэлхийн зах зээлд юанийн үнэ цэнийг алдуулахгүй байх томоохон түлхэц болсон. Одоо тэднийг хэн зогсоох вэ…

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж