&#34Үнэ тогтворжуулах&#34 төслийг зогсоох хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

&#34Үнэ тогтворжуулах&#34 төслийг зогсоох хэрэгтэй гэв

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014
онд баримтлах  үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлгээс 
Монголбанкийг  хангалтгүй ажилласан  гэж дүгнэж буйгаа танилцууллаа. 
МАН-ын   бүлгээс мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  хэд хэдэн
ноцтой алдаа гарсан  гэж  үзжээ. Тухайлбал экспортын орлого, гадаадын
хөрөнгө оруулалт огцом буурч, валютын нийлүүлэлт багассан байхад
мөнгөний сул бодлого явуулан зах зээлд их хэмжээний төгрөгийг нийлүүлсэн
нь төгрөгийн ханш 20 орчим хувиар огцом сулрах нөхцөл бий болгосон, 
"Үнэ тогтворжуулах” төслийн хүрээнд Төв банк  гурван их наяд төгрөгийг
арилжааны банкуудаар дамжуулсан нэртэй боловч Засгийн газартай хамтран
аж ахуйн нэгжүүдэд улс төрөөр ялгаварлан гадуурхсан байдалтай,
нарийвчилсан тооцоо, үндэслэлгүйгээр хуваарилсан,Монголбанк орон сууц,
барилгын материал, гол нэрийн барааны үнийг тогтворжуулах нэрээр аж
ахуйн нэгжүүдэд зээл олгосон нь эдийн засагт богино хугацаанд их
хэмжээний мөнгө хөрөнгө оруулж урт хугацаанд инфляци  нэмэгдэх хүлээлт
үүсгэн үнийн өсөлт, ханшийн уналтын нэг шалтгаан болсон зэргийг 
дурджээ.  Иймээс Төв банк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн
үүргээ 2013 онд хангалтгүй биелүүлж, төгрөгийн ханшийн сулрал, гадаад
валютын ханшийн огцом өсөлтөөс урьдчилан сэргийлж чадаагүйн улмаас ард
иргэдийн амьдрал улам доройтож, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа
доголдсон  гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзжээ.  Мөн Үнэ тогтворжуулах
төслийн хэрэгжилт, төслийн хөрөнгийн санхүүжилт зориулалтын дагуу
зарцуулагдсан эсэхийг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулаад, асуудлыг
УИХ-аар хэлэлцэн дүгнэж,  хөтөлбөрийг цаашид зогсоох хэрэгтэй гэлээ.

Харин  
Монголбанкны Ерөнхийлөгч Г.Золжаргал "Үнэ тогтворжуулах" төсөл эдийн
засагт үр  дүнгээ өгсөн, мах, гурил, шатахууны үнийг өмнөх жилүүдээс
харьцангуй тогтвортой   хэмжээнд барьсан гэх тайлбарыг хэлсэн юм.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж