Н.Алтанхуяг ба “авлигажсан төсөв”

Хуучирсан мэдээ: 2013.10.18-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг ба “авлигажсан төсөв”

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа их наяд 500 тэрбумаар тасарсан 2013 оны төсөвт тодотгол хийх асуудал гишүүдийн дунд ширүүхэн маргаан үүсгэлээ. Чуулганы танхимд энэ оны төсвийн талаарх зад шүүмжлэл өрнөж байна.  Зарим нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байгаагаа дуулгав.  Алдагдлын шалтгааныг  олж, оношийг зөв тодруулахын тулд хариуцлагын тухай хөндөж байгаа  бол өнцөг нь зөв.  Харин энэ сэдвийг улстөржүүлээд явчихбал төсөв дэх хөөсийг арилгахад бэрх болно. Хөөс юунаас болж үүссэн, үүнийг арилгахад юу хэрэгтэй вэ гэдгээ ярилцах нь чухал болохоос хэн нэгэн улстөрчийн бусдын өмнө “тодордог” цаг энэ лав биш юм. Тэр тусмаа 2014 оны Төсвийн төслийг батлахаас өмнө 2013 оны төсвийн тодотголоороо сайн муугаа хэлэлцэх нь эдийн засагт үүсээд байгаа хямралыг эмчлэхэд ч хэрэгтэй.

Чуулганы танхимд Ерөнхий сайдын хэлсэн  “Авлигажсан төсвийг бид цаашдаа танасаар байх болно” гэсэн мэдэгдэлд цөөнхийхөн эгдүүцэж буй нь тэдний хариу довтолгооноос илт харагдаж байна.  Үнэндээ хөрөнгө оруулалтын зардлыг албаар өндөр тавьдаг, дундаас төрийн байгууллагынхан авлига авдаг бүхэл бүтэн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн Ерөнхий сайдын байр суурьт МАН-ынхан тааламжгүй хандаж байгаа. Энэ байдал нь “авлигажсан төсөв”-ийг авлигачид эсэргүүцээд байна уу гэх харыг төрүүлж буй. Магадгүй төсвийг түрүүвчээ болгосон зарим хүмүүст энэ бодлого, шийдвэр таалагдахгүй байгаа байх л даа.  Гэхдээ улс орныхоо эдийн засгийн төлөө төсвийг авлигаас ангид байлгах цаг иржээ.

Төсвөөр санхүүжиж  байгаа 80 хүүхдийн дотуур байрыг барих зардал нь 800 саяас 1.1 тэрбум болтлоо өссөн. Гэтэл МАК компани Өмнөговийн Гурвантэст 350 хүүхэд хичээллэх сургууль, 120 хүүхэд амьдрах дотуур байрыг 1.5 тэрбумаар барьсан байдаг. Энэ хоёр жишээнээс харахад төсвөөр хийгддэг ажлын зардал өсч байгаа нь хэний халаасыг санхүүжүүлж буй нь ойлгомжтой. Төсвөөс  түрүүвчээ дүүргэдэг байсан хүмүүсийн эрх ашигтай энэ бодлого зөрчилдөөд эхэлсэн нь тэдний хандлагаас харахад л тодорхой байна шүү дээ.  Олон арван жил төсвийг хөөсрүүлж, төсвөөс олон арван тэрбумтнуудыг төрүүллээ. Одоо болих юм биш үү. Төсвөөр хэдий болтол түрүүвчээ дүүргэж амьдрах гэсэн улс вэ, та нар чинь.

Орлого нь долоон их наяд 88 тэрбум, зарлага нь долоон их наяд 444 тэрбумаар баталсан 2013 оны  төсвийг Д.Хаянхярвааг Сангийн сайдаар ажиллаж байх үед боловсруулсан. 

Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн багийнхны боловсруулсан төсөлд экспортыг 78 хувиар, импортыг 17 хувиар өсөхөөр, нүүрсний экспортыг 35 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн боловч гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалж дөнгөж 12-хон сая тонныг Хятад руу экспортлоод байгаа юм.  Дэлхийн зах зээл дэх цэвэр зэсийн үнийг 1642 ам.доллараар,  нүүрснийхнийг чанараар нь ангилж 70-130 ам.доллараар бодож төсөвт суулгасан. Гэтэл  нүүрсээ тонныг нь дөнгөж 40 ам.доллараар зарж байна. Нийт төсвийн 2,5 их наяд нь хөрөнгө оруулахад зарцуулахаар төсөвт суутгасан.  Ерөнхийдөө энэ бүхнийг  төсвөөр хийх хөрөнгө оруулалтын зардал нь өнгөрсөн 2012 онд хийгдэх ажлынх нь үргэлжлэл гэдгийг сөрөг хүчнийхэн хамгийн сайн мэдэж байх ёстой шүү дээ.  Төсвийг гардан боловсруулсан хүн нь хүртэл өнөөдөр УИХ-д сууж байна. Түүнээс яагаад жижигхэн бүтээн байгуулалтын ажлыг том хөрөнгөөр хийхээр тусгасан бэ гэдгийг нь асуучихад гэмгүй биш үү. Тэдний тавьсан том тоонууд өнөөдрийн төсвийг алдагдалд оруулах хамгийн гол шалтгаан болсон гэдгийг ойлгохгүй байгаа сөрөг хүчнийхнээс төсвийг түрүүвч гэж   харахаа зогсоогооч гэж гуймаар байна.

Өнгөрсөн 23 жилийн турш Монгол Улс төсөв хэн нэгний  түрүүвч байсан бол ирэх оноос энэ асуудал хумигдаж эхлэх нь ээ.  Ерөнхийлөгчийн эхлүүлсэн авлигатай тэмцэх давалгааг  Ерөнхий сайд Н.Алтанхуяг  үргэжлүүлж төсөвт нуугдсан авлигатай тэмцэхийн тулд шинэ бодлогоор ажиллах бололтой.   Төсвийн хөөсийг арилгаж, үр ашиггүй зардлуудыг хумих түүний шийдвэр харин олон нийтэд таалагдаж байна. Гэхдээ “авлигажсан төсөв”-тэй дайн зарласан Н.Алтанхуягийн бодлого байгаа хэр онох бол…..

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж