Өвлийн спортын XIV наадам эхлэхэд 105 хоногийн хугацаа үлдээд байна. ОХУ-ын нийслэл Сочи хотод болох цагаан олимпийн галт бамбар хэдийнэ аялалдаа гарсан. Улс орон бүрт “Сочи 2014”-ыг угтсан арга хэмжээ ид өрнөж байгаа. Тэгвэл манай улсад өнгөрсөн найман сарын турш Сочигийн олимпийг угтсан спортын 11 арга хэмжээ зохион байгуулагдаж, өнөөдөр хаалтаа хийлээ. Цуврал ажлуудыг ОХУ-ын Элчин сайдын яам, Монголын үндэсний олимпийн хороо, Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм. Найман сарын турш өрнөсөн арга хэмжээний хүрээнд орос хэлний сургалттай сургуулиудын дунд спорт өдөрлөг, тэмцээн явуулсан бөгөөд өнөөдөр албан ёсны дүнгээ гаргав.